Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг байгууллага, албан тушаалтнуудад даалгасан.
Захирамжаар, хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны 08 дугаар сарын 26-ны Бямба гарагт, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны 08 дугаар сарын 27-ны Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.
Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй хэмээн зохицуулсан байна.
Иймд өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо буюу /1, 3, 5, 7, 9/-өөр төгссөн автомашинууд автозамын хөдөлгөөнд оролцоно.