Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулна


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сард үндэсний чуулган зохион байгуулах гэж байна.

Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.

Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ зэрэг Төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, газар тариалан эрхлэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болох бөгөөд 8 дугаар сарын 28-ны өдөр Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 29-ний өдөр Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 30-нд Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам сэдэвт салбар хуралдааныг тус тус хийхээр болов.

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулснаар хүнсний салбарын хувийн хэвшилд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний саналыг боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү