Монголын 30 гаруй мянган багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавиад буй. Тэд шаардлагаа энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлжээ. Түр хорооноос 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг тавьсан.
Энэ шаардлагын хариуг Засгийн газар өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Цаашид багш нарын цалинг нэмж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарна гэсэн хариу өгчээ. Харин багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Тэд багш нар 2018 оныг хүлээхгүй гэв.
Мөн “30 000 багш 3 өдрийн дотор нэгдэж, том группийг үүсгэсэн. Энэ асуудал цөөн хэдэн багшийн бус Монгол Улсын хэмжээнд яригдаж буй. 10 хоногийн хугацаанд асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдэх гэж явсан. Харин одоо дараагийн хувилбартаа шилжиж, 9 дүгээр сарын нэгнээс өмнө Сүхбаатар талбайд багш нарын цуглааныг зохион байгуулна” гэж мэдэгдэв.