Энэ оны долдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсч 4186.1 тэрбум төгрөгт хүрчээ. Тухайн сард банкууд 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4186.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин нийт зээлдэгчдийн тоо 92.1 мянгад хүрэв.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 96.4 хувь нь хэвийн, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байгаа аж.
Ипотекийн зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурчээ. 2017 оны долдугаар сарын байдлаар хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн 42.5 хувийг ОСИСТТБХ-ийн зээл, 53.9 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 3.7 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байгаа юм.
Хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн 1.8 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь өмнөх сараас 0.1 нэгж хувиар өсчээ. Чанаргүй зээлийн 68.4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 29.4 хувийг ОСИСТТБХ-ийн зээл, 2.2 хувийг бусад эх үүсвэрээр олгосон ипотекийн зээл бүрдүүлж байгаа аж. Гадаад валютаар олгосон зээлийн 26.2 хувь нь чанаргүй гэж ангилагдсан бөгөөд нийт чанаргүй зээлийн 6.9 хувийг бүрдүүлж байна.