Нийслэлийн 9 дүүргийн 470 мянган га нутаг дэвсгэрийн байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчил, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсийн цаг уур, орчны өөрчлөлт, төлөв байдалд тандалт судалгаа хийх, ногоон бүс дэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүргийг Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагчид хэрэгжүүлдэг.
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олгож буй хамгаалагчдын ажлын бүтээмжийг дээшлүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан мэргэжлийн дрон, байршил тодорхойлон мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, түймэрт тэсвэртэй ажлын хувцас зэргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардуулан өглөө.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан журмын дагуу байгаль хамгаалагчдын хувцас, таних тэмдгийг шинэчилсэн. Үүний дагуу Нийслэлийн Байгаль хамгаалагчдын шинэ дүрэмт хувцсыг танилцуулж байна. Нийслэл хотын захиргаа байгаль орчныг орон нутгийн иргэдийн хүч, оролцоотойгоор хамгаалах бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд 90 иргэнд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг олгож байгаа.
Мэргэжлийн дроноор 500 метрийн өндрөөс 7 км радиус дахь газар нутгийг хянах боломжтой бөгөөд 72 км/цагийн хурдтай нисэж зөрчлийг 4К нягтралтайгаар баримтжуулдаг. Гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна зэрлэг амьтдын тооллого судалгаа, түймрийн хяналт зэрэгт ашиглагдана.
Байршил тодорхойлогч төхөөрөмж нь байгаль хамгаалагчдын явсан зам, чиглэлийг цаг, минуттай мэдээлэхээс гадна төв хяналтын системтэй мэдээлэл солилцох, мессеж явуулах, ойролцоох байгаль хамгаалагчдаас тусламж хүсэх, байршлаа илгээх функцтэй. Байгаль хамгаалах ажилд технологийн дэвшлийг ашигласнаар байгаль хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах, зөрчлийг шуурхай хүлээн авч, таслан зогсоох боломжтой болж байна.