Хичээлийн шинэ жил удахгүй эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагчдын нийтийн тээврээр зорчих картыг шинээр хэрхэн олгох, сунгах талаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийнхан өчигдөр мэдээлэл өгөв. 2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа цахим төлбөрийн карт олгох юм.
Наймдугаар сарын 21-25-ны хооронд оюутнууд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд үүнийг нь тухайн сургууль нэгтгээд нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлэх аж. Цахим картыг идэвхжүүлсний дараа есдүгээр сарын 1-5-ны хооронд сургууль нь оюутнууддаа олгох гэнэ.
Өмнө нь ашиглаж байсан цахим төлбөрийн картаа үрэгдүүлсэн бол есдүгээр сарын 1-8-ны хооронд сургуулийнхаа Сургалтын алба, Оюутны холбоонд хүсэлт гаргах хэрэгтэй. МСҮТ, коллежийн 13 мянга гаруй оюутан их, дээд сургуулийн адил гурван шатлалаар картаа захиална.