БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхав

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхав


7 жил

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон айлчлалынхаа хүрээнд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга ноён Уонг Чью Лю-д бараалхав.

Үндэсний Ассамблейн дэд дарга ноён Уонг Чью Лю уулзалтын эхэнд Үндэсний Ассамблейн Тамгын газрын даргын урилгаар тус улсад албан ёсоор айлчилж буйд нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад баяр хүргэж, айлчлалд амжилт хүсээд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын харилцаа сүүлийн жилүүдэд улам идэвхжиж, өндөр дээд түвшний айлчлал, Байнгын хороод, найрамдлын бүлгүүд, Тамгын газар хоорондын харилцаа өөдрөг сайн байгаад баяртай байгаагаа онцлов. Мөн 2015 онд тус улсад болсон Олон Улсын Парламентын Холбооны ээлжит чуулганы үйл ажиллагаанд Монголын парламент ач холбогдол өгч төлөөлөгчдөө оролцуулсан, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны механизмд хоёр тал бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаад баяртай байдгаа илэрхийллээ.

Түүнчлэн ирэх оны эхээр тус улсаас зохион байгуулах Ази, Номхон далайн парламентчдын ээлжит чуулганд Монгол Улсын Их Хурлын даргыг оролцохыг албан ёсоор урьж буйг дуулгалаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлалын хүрээнд болсон уулзалт хэлэлцээний үеэр хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхээр санал нэгдсэн явдалд баяртай байгаагаа онцолсон юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Үндэсний Ассамблейн Тамгын газрын даргатай хийсэн энэ удаагийн уулзалт хэлэлцээ хоёр орны Тамгын газар хоорондын төдийгүй парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж хувьдаа үзэж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж, хууль тогтоох байгууллагын өндөр дээд түвшний айлчлал, Байнгын хороод, найрамдлын бүлгүүд, гишүүдийн харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж байна. Тэр дундаа хоёр орны парламентын Тамгын  газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны протокол үр өгөөжөө өгч буйд баяртай байдаг” гэдгийг онцлон дурдлаа.

Мөн “Ирэх оны эхээр тус улсад болох Ази, Номхон далайн парламентчдын ээлжит чуулганд Монгол Улсын Их Хурлын даргыг оролцохыг урьсан Таны урилгыг Монгол Улсын Их Хурлын даргад өөрийн биеэр уламжлах болно” гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн хоёр орны  хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газрын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх өргөн боломж байна гэж хувьдаа үзэж байгаа. Энэ чиглэлээр Тамгын газрын бүх газар, хэлтсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн парламентын номын сан, архив, студи зэрэг тодорхой чиглэлээр ажлын арга барил, сайн туршлагыг судалж хуваалцах боломжтой гэдгийг дурдлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд нөөц боломж их байгаа. Юуны өмнө хоёр орны худалдааны эргэлтийг улам нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой, мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, энэ чиглэлээр Вьетнам Улсаас жимс, жимсгэнэ, бэлэн хувцас, цахилгаан бараа зэрэг олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Мөн өмнө нь оюутан сургаж дээд боловсрол эзэмшүүлж байсан  уламжлал, туршлагадаа суурилан хоёр талаас суралцагчдын тоог нэмэгдүүлэх боломжтой байгааг Үндэсний Ассамблейн дэд дарга уулзалтын үеэр онцолж байв.

Уулзалтад Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч С.Энхцэцэг байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү