Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлнэ

Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлнэ


7 жил

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын даргын урилгаар энэ сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад айлчлав.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Нгуен Хан Фук нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийлээ.

Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Нгуен Хан Фук юуны өмнө урилгыг нь хүлээн авч албан ёсны айлчлал хийж буйд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлээд “Таны энэ удаагийн айлчлалд Үндэсний Ассамблейн Тамгын газар төдийгүй Үндэсний Ассамблейн удирдлагууд өндөр ач холбогдол өгч байгаа. Иймээс айлчлал амжилттай болж, хоёр орны парламент, түүний Тамгын газрын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бас нэг чухал алхам болно гэдэгт итгэж байна” гэдгээ онцлов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уулзалтын эхэнд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын даргын урилгаар олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Вьетнам Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны  харилцаа, хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжиж, төр, засгийн өндөр дээд түвшний айлчлал, уулзалт яриа хэлэлцээ тогтмолжиж, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг дурдав. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд энэ талаар Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний Ассамблей, түүний Тамгын газрууд үр өгөөжтэй хамтран ажиллаж, парламентын өндөр дээд түвшний болон найрамдлын бүлгүүд, гишүүдийн уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, Тамгын газрын хооронд хамтын ажиллагааны протокол байгуулан хэрэгжүүлж буйд баяртай байгаа, хамтын ажиллагааны энэхүү уламжлалыг цаашид шинэ агуулгаар улам баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэлээ.    

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Нгуен Хан Фук Үндэсний Ассамблейн зүгээс Монгол Улсын Их Хуралтай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр орны парламентын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны протокол байгуулсан нь парламентын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг гэж бид өндрөөр үнэлдэг. Цаашид хоёр парламентын найрамдлын бүлгүүд, Тамгын газар улам нягт хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, жил бүр Тамгын газрын удирдлагууд харилцан айлчилж хууль тогтоох байгууллагуудад туслах үйл ажиллагааныхаа чиглэлийн талаархи санаа бодол, сайн туршлага, бас алдаа оноогоо хуваалдцаг байх, Тамгын газрын зарим газар, хэлтсийн ажилтнууд, ялангуяа судалгааны ажилтнуудыг солилцож туршлага судлуулах зэргээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Үндэсний Ассамблейн Тамгын газрын даргын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд хоёр улсын парламент, түүний найрамдлын бүлгүүд, гишүүд, Тамгын газрын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, энэ чиглэлээр хоёр орны парламентын Тамгын газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв. Цаашид хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд парламентын Тамгын газрын номын сан, архив, судалгааны нэгж, хэвлэл мэдээлэл гээд бүх талаар хамтран ажиллаж ажлын шинэ арга хэлбэр, сайн туршлагаа хуваалцах, ажилтнуудаа солилцож сургаж дадлагажуулах саналтай байгаагаа илэрхийллээ.

Мөн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын даргыг Монгол Улсад айлчлах урилгыг дахин нотлоод тааламжтай цагтаа айлчлахыг урилаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү