Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын18-20-ны хооронд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айчлалын үеэр сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны сайд хатагтай Ли Бин-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтран ажиллах уг төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудаас халдварт өвчний хяналт, эмч мэргэжилтний сургалт, харилцан солилцоо, байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааны чиглэлээр нэлээд ажил хийгдсэнийг онцлоод, хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай сайн болохыг онцоллоо. Цаашид Хятад Улсын Халдварт өвчний хяналтын төв (CDC)-д шинээр байгуулагдсан Олон улсын эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах, зоонозын халдварт өвчний чиглэлээр хил орчмын тандалт судалгааг өргөжүүлж, хамтарсан хариу арга хэмжээний чиглэлийг тогтоох зэргээр хамтран ажиллах санал дэвшүүллээ.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны сайд Ли Бин нар “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.