Эмийн зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлээрэй

Эмийн зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлээрэй


7 жил

Ард иргэдийн дунд ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандалгүй, эмийг өөрсдөө дур мэдэн хэрэглэх, мөн тухайн эм бэлдмэлийн хэрэглэх зааврыг баримталдаггүй гэх мэт буруу дадал, заншил түгээмэл байна.

Тиймээс эмийн зөв зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжөөс сонирхоно уу.

Эмийг зөв хэрэглэхийн тулд юуг анхаарах вэ

Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийг хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран янз бүр байдаг тул иргэд өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Иймээс эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эмийн нэр төрөл маш олон бөгөөд зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон эм ч олон байдаг.

Аливаа өвчний үед эмчид үзүүлж зөвлөгөө авч, эмээ эмийн сангаас авч, цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглээрэй. Эмийг хэрэглэх аргыг эм зүйчээс сайн асууж лавлах шаардлагатай. Харин эмч мэргэжилтний зөвлөсний дагуу эмээ зохих тунгаар, тодорхой хугацаагаар хэрэглэхгүй орхивол таны өвчин эмгэг сэдэрч, бүрэн эдгэрэхгүй архаг хэлбэрт шилжин ужгирч болно.

Эмийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

·         Ямар нэгэн эмийг дур мэдэн эмчийн зааваргүйгээр тун хэтрүүлэн хэрэглэхгүй байх

·         Эмийг зөв зохистой хадгалах

·         Бага насны хүүхдээс хол байлгах

·         Ижил найрлагатай олон эмийг нэг дор хавсран хэрэглэхгүй байх

Эмийг хэрхэн зөв хадгалах вэ

Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн нөлөөлдөг.

·         Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газарт хадгалах

·         Эмийн санд найруулсан уусмал эмийг 4 хоногоос илүү хугацаагаар хадгалаж болохгүй.

·         Хэт дулаан, гэрлийн шууд тусгалаас хамгаалах нь чухал. Ялангуяа гал тогооны өрөө, угаалгын өрөө, цонхны тавиур дээр эмийг бүү хадгал. Чийг, дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг.

·         Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгалах.

·         Нэр, тун, хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй буюу хугацаа нь дууссан эмийг бүү хадгал.

Эмийг хэзээ, яаж хэрэглэх вэ

Зайлшгүй эм хэрэглэх болсон үед эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй буюу тусламж шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэнэ. Харин эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг эмчээс асууж, эмийн сангаас авч хэрэглэх нь зүйтэй. Ихэнх эмч ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвхи нь сулардаг тул эмийг хоолны дараа уух хэрэгтэй.

Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой. Ихэнх эмийг буцалсан усаар даруулж уудаг. Тогтмол цагт уух эмийг заасан хугацаанд нь уухгүй, мартах буюу өнжих тохиолдол байдаг. Энэ нь эмчилгээний үр дүнг бууруулж, улмаар эмийн дасал үүсгэдэг муу талтай.

Эх сурвалж: НЭМГ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү