Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй ‘’Утааны эсрэг хамтдаа’’ үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү болон албаны бусад хүмүүс оролцов.
Үзэсгэлэн худалдааны үеэр цахилгаан бага зарцуулах таазны халаагуур, зурган халаалт, шалны халаалт, гуурсан болон хальсан халаалт болон байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух, нүүрс цэвэршүүлэгч уусмал зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж, мэдээлэл өгч байна. Мөн иргэдэд сонирхсон зарим бараа, бүтээгдэхүүнээ банкны лизингээр авах нөхцлийг зохион байгуулагч байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран олгож байгаа аж.
Дашрамд мэдээлэхэд, энэхүү үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн 2-р хороо ‘’Шинэ айл’’ барилгын материалын төвд энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэнэ. Энэ хугацаанд иргэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудтай танилцаж мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээллийн алба