БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, "Үндэсний стартап фанд" ХХК-ийн захирал Э.Базаррагчаа нар өчигдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Монгол Улсын “Үндэсний инновацийн тогтолцоо”-г хөгжүүлэх ажлын хүрээнд гарааны компаниудын инновацийн төслийг үнэлэх, сайжруулах чиглэлээр хамтарсан сургалт, зөвлөгөө өгөх, дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, гарааны компанийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хамтран ажиллахаар энэхүү "Санамж бичиг"-ийг байгуулсан байна.
“Санамж бичиг”-ийн биелэлтийг жил бүрийн эцэст дүгнэж тайлагнах бөгөөд 2020 он хүртэл буюу гурван жилийн хугацаатай байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд "Үндэсний стартап фанд" инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд маркетинг, менежментийн туслалцаа үзүүлэх, шалгарсан төсөлд хөрөнгө оруулалт хийх мөн хөрөнгө оруулалтад зуучлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасан байна.