Дундговийнхон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн маргааныг эцэслэх заалт тусгахыг хүслээ

Дундговийнхон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн маргааныг эцэслэх заалт тусгахыг хүслээ


7 жил

Монгол Улсын Үндсэн хуулийн  тодорхой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүдээс  2000,  2011,  2012,  2015 онд УИХ-д өргөн мэдүүлж байсан. УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “...эрх мэдлийн  харилцан хяналттай,тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн тусгасан юм.

Үүний дагуу  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ард нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа .  Дундговь аймагт үргэлжилж буй уг хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.17) Говь-Угтаал суманд эхэлж, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн, Дэлгэрцогт сумын иргэд оролцож, санал хүсэлтээ илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд дээрх тусгасан нэмэлт, өөрчлөлт дээр нэмж аж амьдралд тулгамдаж байгаа саналуудыг голдуу хэлж байлаа. Тухайлбал, орон нутагт олон намын тогтолцоог ихэд шүүмжилж, Үндсэн хуульд тоог нь тодорхой оруулж өгөхийг онцолсон.

Сайнцагаан сумын иргэн М.Цогзолмаа “Миний хувьд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангасан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуульд орж байгаад талархалтай байна. Нийт төрийн албан хаагчид надтай санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь шинээр нэмэгдэж байгаа заалтуудыг бүхэлд нь дэмжиж байна. Цаашид төрийн тогтвортой үйл ажиллагаа алдагдахгүй, мөн улс төрийн сонгуулийн дүнгээр төрийн албан хаагчдыг олноор нь халдаг байдал эцэслэх эхлэл тавигдаж байна гэж ойлгож байна” гэв.

Мөн Говь-Угтаал сумын иргэн Б.Доржсүмбэр хэлэхдээ “Үндсэн хуулийн өөрчлөлт бол нийгмийн дэвшил гэж хэлж болно. Амьдралын туршлагаас урган гарч байгаа нийгмийн захиалга ч гэж  хэлж болно. Өнөөдөр нийгэмд шүүмжлэлтэй байгаа олон бодит асуудлуудад тулгуурлан Үндсэн хуулийн төслийг боловсруулсан байх. Оруулсан заалтуудад санал хэлмээр санагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайдыг УИХ-аас томилоод, сайдуудыг Ерөнхий сайд өөрөө томилох заалт орж  байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын гишүүдийн ¼ -ийн санал авч, УИХ-аар хэлэлцүүлнэ гэж оруулсан байна. Энэ нь Засгийн газраа бэхжүүлэх гэж байгаа юм шиг боловч, нөгөө талдаа эмзэг болгочихож байгаа юм биш байгаа гэсэн бодолтой байна. Төсвийг УИХ зөвхөн ёсчлон батлах юм шиг харагдаж байна. Энэ нь бүхэл бүтэн улсын төсвийг 10 гаруй сайд л дур мэдэн батлахаар харагдаж байна. Дараагийн нэг  заалт нь үндсэн чиг үүргийн яамны тоог нэмж байгаа нь зөв гэж бодож байна. Харин “давхар дээл”-ний хувьд “Үндсэн чиглэлийн яамны сайд давхар дээлтэй байж болно” гэж шууд тусгах саналтай байна” гэлээ.



Говь-Угтаал сумын иргэн Д.Амгалан хэлэхдээ “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг сонгох хугацаа ахархан байна. Дөрвөн жилийн хугацаа бол “Хэлд ороод хөлд орох” төдий л байна.  Дараагийн нэг санал бол газар нутгийн хил заагийг Үндсэн хуульд тодорхой оруулмаар байна. Учир нь хятадууд газар нутагт шунах, эзэмших байдал хэрээс хэтэрлээ” гэх санал хэлсэн юм.

Дундговь аймагт зохион байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн бүсчилсэн хэлэлцүүлгийг Засаг даргын орлогч, Зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхчулуун хааж хэлсэн үгэндээ  “Манай  аймагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг наймдугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, хэлэлцүүлгийг сумдад бүсчилсэн байдлаар зохион байгуулж, ард нийтийн саналыг авч байна. Иргэд хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцож, хуулийн төсөлд нэмэлтээр ороогүй үнэтэй саналуудыг өглөө. Голдуу өөрсдийн амьдралд түлхүү тохиолддог засаг захиргаа, нутаг дэвсгэрийн маргаантай асуудлуудыг  цэгцлэх саналыг  Үндсэн хуульд тусгахыг хүсч байна. Мөн УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах зүйл заалтыг маш тодорхой оруулж өгөх ёстой гэх саналыг гурван сумдын хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Дараа нь хэлэлцүүлгийг сум сумандаа мөн зохион байгуулж иргэдийн саналыг сонсоно” гэсэн юм.

Хэлэлцүүлэгт нийт 150 гаруй иргэн оролцож,  тэдний саналыг бүртгэж авлаа. Ингэснээр Дундговь аймагт зохион байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өндөрлөж, дараагийн хэлэлцүүлэг Говьсүмбэр аймгаас үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү