Г.Өлзийбат: Шүүгчээр томилогдох насны доод хязгаарыг 40 болгох шаардлагатай

Г.Өлзийбат: Шүүгчээр томилогдох насны доод хязгаарыг 40 болгох шаардлагатай


7 жил

Архангай аймгийн баруун бүсийн сумдын бүсчилсэн хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа үг хэллээ. Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажил долдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 05-ны өдрийн хооронд үргэлжлэн явагдаж байгааг тэрбээр дурдсан. Төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Архангай аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Архангай аймагт болох хэлэлцүүлгийн бэлтгэлийг ажлын хэсэг ханган ажилласан болохыг тэрбээр дуулгаад Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон баг тус аймагт гурван бүсийн хэлэлцүүлгийг энэ сарын 14-16-ны хооронд зохион байгуулан ажиллана гэдгийг мэдээлэв.

Мөн тэрбээр Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан байдгийг дурдаад “Дөрөв дэх Үндсэн хуульд 25 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулж байна. Тэгэхээр архангайчууд Та бүхэн, тэр дундаа өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож буй иргэн Та эрхээ эдлэн, төсөлтэй холбоотой саналаа чөлөөтэй илэрхийлээрэй” гэлээ.

Тус хэлэлцүүлэгт Хангай, Тариат, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Цахир, Жаргалант, Өндөр-Улаан сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын удирдлагууд, мэргэжилтнүүд болон иргэд оролцов.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдлийн талаар орж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж дэлгэрэнгүй танилцууллаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур танилцуулсан.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхээ эдэлнэ хэмээн заасан байдаг. Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах эрх нь Ерөнхийлөгчид Улсын Их Хурал, Засгийн газрын төрийн бодлого боловсруулах эрх мэдлийг хуваалцах боломж олгодог гэж судлаачид үздэг байна. Парламентын бүгд найрамдах улс орнуудын Ерөнхийлөгч ихэнхдээ хууль санаачлах эрхгүй байдаг жишиг олон улсад байдаг аж.

Үндсэн хуульд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар сонгодог парламентын засаглалтай улс орны жишигт илүү ойртоно хэмээн үзсэн байна. Ерөнхийлөгч хууль тогтоох эрх мэдэлд нөлөөлөх чиг үүрэг нь хуульд хориг тавих замаар хэрэгжих боломжтой.

Хууль санаачлах асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн салаа мөчирт хамаарах Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын зөрчил багасна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай ойлголт үгүй болно.

Ерөнхийлөгч Улсын Их Хурлын цөөнхөөс нэр дэвшиж, сонгогдон ажилласан тохиолдолд Үндсэн хуулийн институци хооронд зөрчил үүсгэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Ерөнхийлөгч нь нэрийг нь дэвшүүлсэн намынхаа бодлогыг ярьдаг, Засгийн газар нь хөтөлбөрөө хэрэгжүүлэх асуудал ярьдаг. Тиймээс өөрчлөлтөөр  аль нэгнийхээ бодлого хөтөлбөрт зөрчилдсөн хуулийн төсөл санаачлах боломжийг хаана.

Төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах эерэг нөлөөтэй. Тодруулбал, Ерөнхийлөгч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын гарсан санал зөрөлдөөнтэй асуудлаар эвлэрүүлэн зуучлах, дундын хувилбарыг санал болгох зэргээр төрийн эрх мэдлийн хооронд зохицуулах үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.

Мөн “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ” гэж төсөлд тусгажээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчид олгосон Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрхээс татгалзсанаар дэлхийн сонгодог парламентын засагтай улс орны жишигт илүү ойртоно.

Засгийн газар, Ерөнхий сайдын бие даан ажиллах, хуулиар аль алинд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах үүрэг, хариуцлага сайжирна.

Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч ч тэргүүлээд байгаа юм шиг, Засгийн газар ч толгойлоод байгаа юм шиг олон түмэнд ойлгомжгүй байдал арилж, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага нь Засгийн газар байх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал нэг мөр хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Ерөнхийлөгчөөс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх явдал гарахгүй. Засгийн газар өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааныхаа үр дүнгээр нэг мөр ажлаа хариуцаж парламентын өмнө хариуцлага хүлээдэг зарчим тууштай хэрэгжихэд томоохон алхам болно. Улсын Их Хуралд ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулиудын төсөл дээр түлхүү ажиллах цаг хугацааны орон зай нэмэгдэнэ гэдгийг танилцуулгад дурдлаа.  

Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур үргэлжлүүлэн Төрийн алба, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж сэдэв тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулж, иргэдэд онол, нэмэлт өөрчлөлт хийх үндэслэл, шаардлага, судалгаа, төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан Хангай, Тариат, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Цахир, Жаргалант, Өндөр-Улаан сумын иргэд Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан. Мөн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийлж байв.

Тухайлбал, Цахир сумын иргэн Ганхуяг сумын иргэд Засаг даргыг сонгодог, харин сонгогдсон Засаг дарга нь багуудын Засаг дарга нараа томилдог байвал иргэдийн оролцоо, шууд ардчиллын хэлбэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа хэлэв. Түүнчлэн Засаг дарга суман дахь төрийн байгууллагуудын удирдлагуудыг сонгон шалгаруулалтын үр дүнд томилдог эрх зүйн боломж бүрдвэл төрийн алба улс төрөөс ангид байх давхар ач холбогдолтой гэв. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийг давхар Засгийн газрын гишүүнээр ажиллахыг хориглох, хууль тогтоогчдын ёс зүй, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, чанаржуулах, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирцийн босгыг нэмэгдүүлэх, шүүгчээр томилогдох насны доод хязгаарыг 40 болгох зэрэг саналуудыг хэлж байсан. Хэлэлцүүлэгт Хангай, Тариат, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Цахир, Жаргалант, Өндөр-Улаан сумын иргэдийн төлөөлөл 181 иргэн оролцож, 94 иргэн саналын хуудсаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд бичгээр саналаа ирүүлсэн юм.

Архангай аймагт явагдаж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн хэлэлцүүлэг маргааш (2017.08.16) Батцэнгэл суманд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү