МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, таслан зогсоох газрын дарга Лаурел Коттон нар 2016 оны ажлын уулзалтаар Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал болон цацрагийн хяналтын төхөөрөмжгүй бусад хилийн боомтуудад төхөөрөмж суурилуулах, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг харилцан тохиролцсон билээ.
Энэ хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамнаас Монгол улсын хилийн боомтуудад 287 мянган ам.долларын өртөгтэй цацраг хэмжих гар багаж нийлүүлсэн бол өнөөдөр Шинэ нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулахтай холбоотой инженер, техникийн үнэлгээний ажлын хэсэг ажиллаж эхлээд байна. Мөн МХЕГ, АНУ-ын Эрчим хүчний яам хамтран мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтан, байцаагч, мэргэжилтнүүдэд зориулсан шаталсан сургалтуудыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ажлын хэсэгт АНУ-ын эрчим хүчний яамны төслийн баг, МХЕГ, ИНЕГ, Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн алба, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба, үнэлгээ болон суурилуулалтын ажлыг гүйцэтгэх багууд оролцож байна.
Үнэлгээний багийн дүн шинжилгээг үндэслэн суурилуулалтын ажлыг эхлүүлэн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороход олон улсын жишигт нийцсэн орчин үеийн 2,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 ш цацрагийн хяналтын төхөөрөмжийг АНУ-ын буцалтгүй тусламжаар суурилуулах юм.