Өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэхэд хугацаа алдахгүйн тулд...

Өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэхэд хугацаа алдахгүйн тулд...


7 жил

Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиг үүргүүдийн нэг нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах юм.

Банкнаас бусад санхүүгийн салбарууд буюу даатгалын, үнэт цаасны, хөдөө аж ахуйн биржийн зуучлалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд хувь, хөрөнгөө оруулж байгаа болон тэдгээрээр үйлчлүүлж буй иргэдийн аливаа асуудлаарх гомдол, саналыг Хороо хуульд заасан эрх хэмжээний хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Хорооны зохицуулалт бүхий эдгээр салбаруудад 3000 шахам аж ахуйн нэгж, байгууллага, мянга мянган хөрөнгө оруулагчид, хэдэн зуун мянгаар тоологдох хэрэглэгч, үйлчлүүлэгчид хамаардаг юм.

Иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх явцад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээс магадлах, судалгаа, тодорхойлолт шаардаж авах зэргээр хугацаа алдах төдийгүй хянан үзэхгүй байх, буцаах тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ нь ихэвчлэн өргөдөл гаргагч нар тавьж байгаа гомдол болон өөртэйгөө холбоотой баримт сэлтийг бүрэн гүйцэт бүрдүүлж өгөөгүйгээс шалтгаалж буй юм.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд, тодорхой нэр хаяггүй, бага насны хүүхэд болон шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй, өмнө нь хандаж байсан асуудлаар давтан хандсан ба түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй, мөн тухайн асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буй бол иргэний гаргасан өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно гэж заасан. Түүнчлэн хуулийн дээрх зүйлийн хоёр дахь заалтаар, баримт, бичвэрийн шаардлага хангаагүй, мөн асуудлаа эрхлэх чиг үүрэг болон харъяаллын дагуу тавиагүй бол өргөдөл, гомдлыг буцаахаар хуульчилсан байдаг.

Иймд Хороонд хандан санхүүгийн зах зээлтэй холбоотой аливаа асуудлаар өргөдөл гаргаж байгаа иргэд өргөдөлдөө өөрт болон дэвшүүлж буй асуудалд холбогдолтой мэдээллийг бүрэн багтааж, баримтын бүрдлийг гүйцэт хангаж ирүүлснээр түүнийг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа богиносож, үндэслэл бүхий, зөв зүйтэй шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн өргөдөл, гомдол гаргахаасаа өмнө Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан ажилтантай биечлэн уулзаж, зөвлөмж, зааварчилгаа авбал асуудлыг газар дээр шуурхай шийдвэрлэх боломж байдгийг ч санахад илүүдэхгүй.

Өргөдөл гаргагчийн өөрт холбогдолтой баримтын бүрдэл

 

  1. Өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл түүнийг төлөөлөх этгээдийн эрхийг нотлох баримт бичиг;
  2. Санхүүгийн үйлчилгээний гэрээтэй холбоотой гомдлын хувьд анхан шатны баримт;
  3. Хувьцааны арилжаатай холбоотой тохиолдолд үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансны дэлгэрэнгүй хуулга;
  4. Үнэт цаасны бүртгэлийн хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй холбоотой анхан шатны баримт;
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү