Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж П.Дамдинд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгосон.
П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед хүнд, хөнгөн болон хүнсний салбарын бүх үйлдвэр АҮЯ-нд харъяалагддаг байв. Улмаар 1961 онд МАХН-ын 14-р их хурлаас шийдвэр гарснаар шинэ уурхай, дулааны цахилгаан станцууд, өндөр хүчдэлийн шугам сүлжээг барьж байгуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон байна. Үүний үр дүнд ТЭЦ2, ТЭЦ3, ТЭЦ4 болон Дархан, Чойбалсан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд болон Шарын гол, Багануур, Адуунчулууны нүүрсний уурхайнуудыг шинээр барьж чадсан гэж Хөдөлмөрийн баатар П.Дамдин онцоллоо. Эрчим хүчний сайд П.Ганхүү түүнд баяр хүргэж үг хэлэхдээ "Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарт түүхэн хувь нэмэр оруулж, улс орны хөгжлийн эхийг хатгасан ахмад үеэрээ бид бахархаж байна. Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай" гэв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд АҮЯ-ны сайд, 1968-1979 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.