БНУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй Сөүл хотын төлөөлөгчдийг нийслэл хотод тавтай морилохыг хүсээд Улаанбаатар хот болон НИТХ-ын талаар товч танилцуулав.
Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу хэлэхдээ “Сөүл хот Улаанбаатар хот хооронд хамтын ажиллагаагаа эхлүүлж, ах дүүгийн харилцаат хот болоод 22 жил болж байна. Энэ хугацаанд үр дүнтэй хамтарч ажилласан. Цаашид хоёр хотын харилцаа илүү өргөжинө гэдэгт итгэж байна.” гэлээ.
Харин НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнгөрсөн 12 дугаар сард НИТХ-ын төлөөлөгчид болон миний бие Сөүл хотод айлчилсан. Айлчлал үр өгөөжтэй болсон гэж бид үзэж байна. Тухайлбал, айлчлалын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаарх хүсэлтээ Сөүл хотын тээврийн газрын даргад илэрхийлсэн. Одоо судалгааны шатандаа явж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр Сөүл хотын зүгээс дэмжин ажиллах санаачилга гаргасанд бид баяртай байгаа. Цаашид Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагаа илүү шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.” хэмээв.