Эрүүл мэндийн ажилтны өдөрт зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” ёслолын ажиллагаа боллоо

Эрүүл мэндийн ажилтны өдөрт зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” ёслолын ажиллагаа боллоо


7 жил

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн ажилтны өдөрт зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Буянт-Ухаа цогцолборт боллоо. Тус арга хэмжээнд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд болон нийслэлийн эмнэлгийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмч, ажилтнуудын төлөөлөл бүхий 5000 хүн оролцсон юм.



Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эмнэлгийн ажилтнууд энэ л өдөр бахдам амжилт, баяр хөөрөө хуваалцдаг билээ. Энэ ч утгаараа, эрүүл мэндийн салбарынхан чуулсан уг ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон албаны бусад хүмүүс, эмнэлгийн удирдлагууд, Монгол Улсын Хүний гавьяат эмч нарын хамт хүрэлцэн иржээ.

Ёслолын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл-2017” сэдвээр илтгэл тавилаа. Мөн хүндэт зочноор уригдсан Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, МУАЖ П.Цэрэндагва нар мэндчилгээ дэвшүүлж, эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж буй хэн бүхэнд талархсан сэтгэлээ илэрхийлэн урмын ташуур өглөө. Энэ хүрээнд Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн эгэл хүмүүний харилцаа, хандлага, ёс зүй, ажлын байранд дээрхи аз жаргал зэрэг сонирхолтой сэдвээр лекц уншиж, хуран цугларсан олныг багагүй хөгжөөлөө.

Энэ өдөр эх орныхоо эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэх хөгжлийн түүчээ нь болж яваа эрхэм эмч, ажилтнуудаа салбарын удирдлагууд нь шагнаж урамшуулан баяр дээр баяр нэмсэн юм. Төр засгийн хүндэт цол тэмдэг, Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал болон багаараа гадаадад суралцах эрхийн бичиг тэргүүтнийг гардсан энэрэнгүй үйлстнүүд маань ийнхүү нэгэн өдөр чуулж, баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү