Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өчигдөр Хүүхдийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын 400 гаруй ажилтан хамрагдлаа. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтлөн явуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажил энэ оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс орон даяар явагдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Өмнөговь аймгуудад амжилттай зохион байгуулагдаж дууссан бол Баян-Өлгий, Увс, Төв, Өвөрхангай аймгуудад ойрын өдрүүдэд үргэлжлүүлэн зохиогдоно.
Орон нутгийн хэлэлцүүлэгт өнөөдрийн байдлаар нийт 3000 шахам иргэн оролцож, тэдний 80.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаархи саналаа саналын хуудсаар өгсөн мэдээтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт орон нутгийн иргэд идэвхтэй оролцож байгаад ажлын хэсэг талархалтай байгаа. Орон нутгийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонхи нь улс орны нийгэм, эдийн засаг өөрчлөгдөж буй өнөө үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг бөгөөд төслийг маш нухацтай хэлэлцэх нь зүйтэй талаар саналуудаа хэлж байгаа юм. Хэлэлцүүлэг зохион байгуулсан талаархи дүрстэй болон цахим мэдээллийг тухай бүр радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудад нийтэлж ажиллаж байна гэдгийг хэллээ.
Мөн өнөөдрийн энэ арга хэмжээгээр нийслэлийн төр, захиргааны ажилтнууд, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд, иргэдийн дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг эхэлж байгаа юм гэдгийг дурдаад төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой энэ арга хэмжээний талаар төрийн албан хаагчид, нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнууд, бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчид тодорхой мэдлэг, мэдээлэлтэйгээр гол үүрэгтэй оролцох учиртайг онцоллоо.
Байнгын хорооны дарга цааш нь хэлэхдээ, энэ удаад Үндсэн хуулийн зөвхөн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Бусдын эрх чөлөөг хязгаарласан, улс төрийн намын эрхийг хааж боосон, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хумихад чиглэсэн заалт зохицуулалт байхгүй. Нөгөө талаар цөөн хэдэн хүний хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэсэн яриа бас байна. Тийм зүйл ч байхгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх заалттай. Тиймээс энэ оны эхнээс эхлэн олон үе шаттай хэлэлцүүлгийг олон нийтийн дунд ээлж дараатай өрнүүлж ирсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн Зөвлөлдөх зөвлөлийг УИХ-аас байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар хоёр үе шаттай явуулж, тэдний өгсөн санал асуулгын дүнд Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн төслийн талаархи хэлэлцүүлгийг УИХ-ын тогтоолын дагуу орон даяар зохион байгуулж байгаа юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн оновчтой зөв болгох, шийдвэр гаргах механизмыг хэрхэн сайжруулах, шүүх эрх мэдлийн тогтолцоог оновчтой шийдэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэгт голлон чиглэж байгаа юм. Төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, тэдний саналыг авах, гаргасан саналуудыг нэгтгэн авч судалж боловсруулан төсөлд тусгах, төслийг эцэслэн боловсруулах гээд бүхий л үйл ажиллагаа улс төрийн намуудын ойлголцол, хамтын ажиллагаа, эрдэмтэн судлаачдын оролцоо, иргэдийн саналын үндсэн дээр явагдаж байгаа. Тиймээс нэг нам дангаар өөрчлөлт оруулах гэж байгаа мэтээр хардаж сэрдэх зүйл байхгүй.
Тэгээд ч олон парламент дамжин яригдаж, олон удаа ажлын хэсэг гарч, олон төсөл өргөн баригдаж, нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж ирсэн ч шийдэгдэж чадаагүй байсан энэ асуудлыг энэ удаагийн УИХ олон нийтийн хэлэлцүүлэг, ард нийтийн санал асуулгын үндсэн дээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа нь энэ юм.
Гэхдээ төсөлд тусгагдаж олон нийтээр хэлэлцүүлж байгаа эдгээр багц сэдвүүд нь Ерөнхийлөгчийн сонгуулиас бүр өмнө яригдаж шийдэгдсэн асуудал гэдгийг зөвөөр ойлгох учиртай. Тэгээд ч хэрэв олон нийт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжвэл хэрэгжих хугацаа нь дараагийн УИХ, дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах юм гэдгийг дурдав.
Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө явагдсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчдоос дэмжсэн багц сэдвийн хүрээний асуудал. Тиймээс төрөө жинхэнэ төр шиг болгох үүднээс маш их судалгаа, дүгнэлт, үндэслэл шаардлагын дагуу энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага тулгарч буйг онцлоод төсөлд тусгагдсан зарим зохицуулалтын үндэслэл шаардлага, ач холбогдлын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод тайлбар өгөв. Түүнчлэн тэрбээр хэлэлцүүлэгт оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, саналаа өргөх хэлбэрийг улам өргөтгөх үүднээс forum.parliament.mn цахим хуудас болон facebook хуудасны “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” хэсэгт нэвтэрч цахимаар саналаа өгөх боломжтойгоос гадна шуудангийн бүх салбараар дамжуулан захидлаар иргэдийн саналыг авахаар болсныг дуулгасан юм.
Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан үг хэлж, Үндсэн хуулийг сахин хамгаалах, хэрэгжүүлэх чухал үүргийг төрийн албан хаагчид хүлээж байдгийн хувьд Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг нийслэлийн дүүрэг, хороодод үргэлжлүүлэн зохион байгуулж, иргэдийн оролцоог сайн хангаж ажиллахыг хүслээ.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи танилцуулга эхэлж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” сэдвээр танилцуулга хийсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр дээрх сэдвүүдийн танилцуулгатай холбогдууулан асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Тэдний асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар болон сэдвийн танилцуулга хийсэн Улсын Их Хурлын Тамгын ажилтнууд тодорхой хариулт өгсний зэрэгцээ цаашид энэ талаархи хэлэлцүүлгийг дүүрэг, хорооддоо зохион байгуулахад анхаарах зүйлийн талаар арга зүйн зөвлөгөө өгөв.
Хэлэлцүүлэгт оролцогчид эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.
“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.11) Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.