Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж байгаа БНСУ-ын Намьянжу хотын дарга Ли Сог Ву тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд ах дүүгийн харилцаатай хотын даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд Монгол, Солонгос хоёр орон олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай, хамтын ажиллагааны баялаг туршлагатай орнууд. Сүүлийн жилүүдэд төр, засгийн өндөр дээд түвшний айлчлал, уулзалтууд тогтмолжсоны зэрэгцээ яамд, төрийн байгууллагууд, иргэд, орон нутгийн хамтын ажиллагаа өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түүх, соёлын өв уламжлалаа харилцан сурталчилж таниулж ойлгуулах нь ихээхэн ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар долоон жил орчим хугацаанд ажиллахдаа Улаанбаатар, Сөүл хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоож, Улаанбаатар хотод Сөүлийн гудамж, Сөүл хотын Гонжун дүүрэгт монгол сургууль байгуулах санаачилга гарган хамтран хэрэгжүүлсэндээ баяртай байдгаа дурдлаа. Мөн одоогоос бараг 20 жилийн өмнө Намьянжу хот дахь монгол соёлын төвийг хэдэн монгол гэртэй, цөөн тооны монгол адуутай анхлан байгуулж дурсгалын мод тарьж анхны галыг нь асаалцаж байсан. Түүнчлэн Улаанбаатарт Намьянжу хотын гудамж, соёлын төв байгуулах асуудлыг шийдэж, ажлыг нь эхлүүлж байснаа дурсаад эдгээр гудамж, соёлын төвүүд нь хоёр орны үүх түүх, соёлын өв уламжлалыг харилцан сурталчлах, улмаар хоёр орны хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг улам ойртуулж хөгжүүлэх нэг гол гүүр болох учиртай тул цаашид үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаарах нь чухал юм гэдгийг хэллээ.
Намьянжу хотын дарга Ли Сог Ву цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд “Намьянжуд монгол соёлын төв, Улаанбаатарт Намьянжу хотын гудамж, соёлын төв байгуулах санаачлагыг таныг анхлан гаргаж бодит ажил хэрэг болгоход дэмжиж тусалсанд сэтгэл нэн таатай байдаг. Улаанбаатар, Намьянжу хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо.
Намьянжу хотын даргаар би 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Намьянжу дахь монгол соёлын төвийн үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлэх үүднээс 4-5 тэрбум воны хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Улмаар тус төвийг улам сайжруулах үүднээс 3 тэрбум воны нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр зорьж, зураг төслийн ажлыг эхлүүлээд байгаа” гэдгийг дуулгалаа. Мөн энэхүү хичээл зүтгэлийг нь Монголын төрөөс өндрөөр үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасанд дахин талархал илэрхийлэв.
Түүнчлэн Намьянжу хотын даргаар сонгогдоод анхны гадаад айлчлалаа Монгол Улсад хийх завшаан тохиож, Улсын Их Хурлын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь уулзаж байснаа дурсаад Улаанбаатар хот дахь Намьянжугийн соёлын төвийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх бодолтой байгаагаа хэллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.