Х.Зейнел: Үндсэн хуульдаа төрийн албыг тогтвортой байлгах асуудлыг оруулж ирснийг дэмжиж байна

Х.Зейнел: Үндсэн хуульдаа төрийн албыг тогтвортой байлгах асуудлыг оруулж ирснийг дэмжиж байна


7 жил

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг өчигдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Соёл гэгээрлийн төвд боллоо.

Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гыльмхан, Толбо сумын Засаг даргын орлогч М.Еркинбек нар болон Толбо, Буянт, Алтай, Булган, Дэлүүн сумын  нийт 127  иргэд, олон нийт оролцов.



Баян-Өлгий аймгийн Засаг дарга дарга А.Гыльмхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа баталж байсан байна. 25 жилийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа батлахад нэг сая 200 мянган хүн амтай байсан. Өнөөдөр Монгол Улсын маань хүн ам гурван саяд хүрээд байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багагүй яригдсан. 1992 онд Монгол Улс Үндсэн хуулиа батлахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж, нийт хүн амын 75 хувийн саналыг тусгаж байжээ. Энэ удаа ч та бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа өгөхөөр ирээд байгаа билээ. Баян-Өлгий аймгийн хувьд төслийн хэлэлцүүлгийг бүсчилсэн хэлбэрээр гурван удаа явуулж, сум орон нутгийн иргэдийг өргөнөөр хамруулахаар төлөвлөөд байна” гэж байлаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 65 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт  оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулав.

Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, хороо, тосгоноос гадна сумын Засаг даргыг дээд шатны удирдлагаас шууд томилж болох уу, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэгийг төрийн албан хаагчаар бүрдүүлдэг байсан тэр журмыг сэргээж болох уу, шүүгчийг Ерөнхийлөгч батламжлах болсноор эрхийг нь хязгаарласан асуудал болсон эсэх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг  төсөлд тусгаагүйг илүүтэй сонирхов.

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сум, дүүргийн Засаг даргыг шууд томилох асуудал хөндөгдөөгүй. Сум, дүүргийн Засаг даргыг дээд шатны удирдлагаас шууд томилох саналтай байвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудаст бичиж болно.



Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн нь дотроос зургаан жилийн хугацаатайгаар сонгоно. Энэхүү шийдвэрийг ­Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна гэж төсөлд тусгасан байгаа.  Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллагаар дамжин шүүгчийг томилох нь ардчилсан, шударга  байх зарчимд илүү нийцэх юм. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудал төслийн хүрээнд хөндөгдөөгүй  сэдэв хэмээн хариулсан.

Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонхи нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байлаа.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн иргэн Х.Зейнел “Ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллагын хооронд зөрчил гардаг учраас Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлах нь зөв гэж бодож байна. Үүнийг би бүрэн дэмжиж байгаа. Сонгуулийн дараа төрийн алба бужигнадаг. Тиймээс Үндсэн хуульдаа төрийн албыг тогтвортой байлгах асуудлыг оруулж ирснийг дэмжиж байна. Түүнчлэн баг, хороо, тосгоны гэж хязгаарлахгүйгээр сум, аймгийн Засаг дарыг шууд томилдог болох хэрэгтэй. Тэгэхдээ төрийн албанд ажилласан жил, боловсролын түвшин гээд бусад шалгуур үзүүлэлтийг тавьмаар байна” гэж байсан бол Толбо сумын иргэн М.Хурмангаз “Баг хорооны Засаг даргыг шууд томилох болсныг дэмжиж байна. Цаашлаад аймаг, сумын Иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын гуравны нэгийг төрийн жинхэнэ албан хаагчдаар бүрдүүлэх саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө тусгах саналтай байна” гэж байлаа.

Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа. Төслийн хэлэлцүүлэг маргааш Баян-Өлгий аймгийн төвд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү