Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Цэрэндоржийн гудамж нь “Автомашингүй гудамж” болно. Өнөөдөр нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт боллоо.
Төслийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөсөн. Мөн Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм” гэв. Уг төслийн хүрээнд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс тоош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж. Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх ажээ.