Хотын дарга авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Хотын дарга авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан баг өнөөдөр нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар болон холбогдох албаны хүмүүс дагалдан явав.

Хотын даргаар ахлуулсан баг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбогдох 2.4 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Замын ажлыг Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Өргөн говь” ХХК хийж гүйцэтгэж байгаа аж. Зайсан орчмын энэ замд 1957-1960 онд урсгал засвар хийгдэж байснаас хойш нэг ч удаа засвар шинэчлэлт хийгдээгүй аж. “Засвар шинэчлэлт хийснээрээ замын зорчих хэсгийн өргөн 7 метр байсныг 12 метр өргөн, 4 эгнээ болно” гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр танилцуулж байлаа. Энэ сарын 17-нд эхэлсэн замын ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх юм байна.

ХААИС-ын уулзварын өргөтгөл, Богд Жавзандамбын уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай мөн танилцлаа. ХААИС-ын уулзвар нь зүүн болон баруун талаасаа нэг нэг урсгалаар нэвтэрдэг учир замын түгжрэл энэ хэсэгт ихээр үүсдэг байна. Уулзвар хэсгийн 1251 ам метр талбайг өргөсгөж хоёр талаасаа 5 эгнээтэй болгон шинэчлэж байгаа юм. Замын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар гүйцэтгэж, энэ сарын 15-н гэхэд авто замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Богд Жавзандамбын музейн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг “Ди Вай Кей Би” ХХК хийж гүйцэтгэж байна. Уг уулзварт өргөтгөл хийснээр 21 метрийн өргөн, зургаан эгнээтэй болох аж. Мөн 1.5-3м өргөнтэй явган хүний зам бий болох юм. Уулзвар хэсгийн 8050 ам метр талбайн өргөтгөлийн ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлж, энэ сарын 15-н гэхэд авто замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийгдэж буй Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажилтай танилцлаа. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо ажиллаж байна. Туслан гүйцэтгэгчээр Монголын 15 компани ажиллаж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн төсөл ирэх жилийн арваннэгдүгээр сарын эхээр дуусч, гүүрийг ашиглалтад хүлээлгэн өгөх юм. “Энэ жилийн хувьд үндсэн гүүрний ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Дулааны улиралд гүүрийн дан нуруугаа цутгаж бэлдээд өвөл хучилт хийнэ. Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 36 ширхэг гадсан суурьны ажил хийгдсэн. Гүүрийн хамгийн чухал ажил нь тулгуур суурь байдаг. Энэ ажил өндөр хувьтай явж байгаа” хэмээн “ЭС АР ПИ” ХХК-ийн гүүрийн инженер Б.Энхбат ажлын явцаа хотын даргад танилцууллаа.

Өгөөжийн ойролцоох уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцсанынхаа дараа хотын дарга С.Батболд  “Бид цаг хугацаатай уралдан ажиллах шаардлагатай. Хавар тендерийн ажлаа эрт зарласан. Улаанбаатар хотын хэмжээнд Замын сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөгдсөн бүх замын ажил эхлээд явж байгаа. Наймдугаар сарын 15-наас эхлэн замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Үүнээс өмнө Улаанбаатар хотын гол зам, уулзваруудын ажлыг дуусгах үүргийг холбогдох албаны хүмүүст өгөөд байсан. Өнөөдөр ажлын явцтай танилцаж байна. Сонгино болон Баянзүрхийн гүүрийн ажил эхлэх шатандаа явж байна. Налайх, Чойрын замыг энэ намартаа эхэлнэ. Газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд эхэлсэн байгаа. Нийслэлийн төвд хийгдэх томоохон гүүрэн гарц Замын цагдаагийн газрын уулзварт хийгдэнэ. Ажил эхэлсэн. Тухайн хэсэгт байсан хоёр ШТС, хэд хэдэн бизнесийн байгууллагуудтай тохирч газрыг чөлөөлүүлэхээр болсон.  Энэ бүх зам 2018 оны сүүл 2019 оны эхэнд бүрэн ашиглалтад орно. Ингэснээрээ нийслэлийн өнгө үзэмжид сайнаар нөлөөлөхөөс гадна авто замуудын нэвтрэх чадвар эрс сайжрах юм” хэмээлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 42 авто замын төсөл хэрэгжиж байна. Манайхаас хяналт, шалгалтаа хийгээд ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар ХААИС, Оргил худалдааны төвийн уулзвар, Өгөөжийн уулзвар гэсэн гурван уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдээд явж байна. Авто плазагийн ойролцоо шинээр уулзвартай болж байгаа. Мөн дөрвөн гүүрэн гарцны ажил хийгдэж байна. Сонсголон болон Баянзүрхийн гүүрийн ажлыг энэ намар эхлүүлэхээр ажиллаж байна” хэмээн хийж гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү