Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Баянхонгор аймагт болов

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Баянхонгор аймагт болов


7 жил

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт 2017 оны 07 дугаар сарын 31-ний үдээс өмнө Баянхонгорт аймгийн төвд зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш уг төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг өрнөв.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв тус бүрийн танилцуулгыг төсөл хэлэлцүүлэгч баг хийсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын зарим заалт, хэсгийг өөрчлөх болсон үндэслэл, шаардлагын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна гэж заасан. Харин төслийн заалтад Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж тусгасан байгаа. Ингэснээр Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, хяналтын эрх мэдлийг бодитоор өргөжүүлэх, хууль бүтээх ажиллагааны чанарыг сайжруулна.

Түүнчлэн Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно гэж төсөлд тусгагдсан. Энэ нь Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангах, парламентыг бодит мэдээллээр хангах, иргэдэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлын бодит нөхцөлийг илрүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.

Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн саналыг сонссон юм. Тухайлбал, Баянхонгор сумын 1-р багийн иргэн Баттөр, Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж болно, харин бусад гишүүд давхар алба хашиж байгаа нь төрийн ажлыг алдагдуулж байна гэлээ. Түүнчлэн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд орон нутгийн 4-5 сумыг нэгтгэж, бүсчлэн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Шаргалжуут тосгоны иргэн Баярмагнай, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд “хот” гэдэг нэгж нэмэгдвэл тосгоныг хотын нэгжид хамруулах гэсэн санал хэлж байв. Учир нь одоогийн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд тосгон сумын нэгжид харьяалагддаг боловч хүн ам, газар зүйн хэмжээтэй харьцуулбал багаас том гэсэн санал хэлж байв.

Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэг амжилттай өрнөж, тус хэлэлцүүлэгт 390 иргэн оролцсноос 318 саналын хуудаст саналаа өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү