Ц.Батмандах: Ганцхан хүний санаатай үйлдлээс болж Газрын албаны бүх хөдөлгөөн зогссон

Ц.Батмандах: Ганцхан хүний санаатай үйлдлээс болж Газрын албаны бүх хөдөлгөөн зогссон


7 жил

Баянзүрх дүүргийн Засаг дарга зургадугаар сарын 27-ны өдөр тус дүүргийн Газрын албаны даргаар Ц.Батмандахыг томилох шийдвэр гаргасан байдаг. Гэвч өмнө нь тус албан тушаалыг хашиж байсан Д.Бат-Ундрах тамгаа хүлээлгэж өгөөгүйгээс болж тус дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Ц.Батмандахаас тодрууллаа.

-Танай дүүргийн Газрын албанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярина уу. Ямар учир шалтгааны улмаас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж чадахгүй байгаа юм бэ?

-Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д зааснаар Газрын албаны даргыг дүүргийн Засаг дарга томилно гэсэн байдаг. Энэ заалтын дагуу дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн захирамжаар миний бие тус албан тушаалд зургадугаар сарын 27-нд томилогдсон юм. Ажлаа хүлээлцэхээр өмнө ажиллаж байсан Газрын албаны дарга Д.Бат-Ундрахтай зургадугаар сарын 29-нд уулзсан юм. Тэр үед “ойлголоо” гэж надад хэлсэн боловч одоо хүртэл тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүй байна. Үүнээс болж гэрчилгээ шинээр авах, эрх шилжүүлэх, газрын эзэмших эрхийн хугацаа сунгах зэрэг үл хөдлөхтэй холбоотой бүх үйлчилгээ нэг сарын хугацаанд зогссон. Иргэд маш их бухимдалтай байна. Тамга, тэмдэгээ өгч, төрийн үйл ажиллагааг таслахгүй байх боломжоор хангаж өгнө үү гэж Нийслэлийн удирдлагуудад хандсан. Гэвч нийслэлийн удирдлагууд дорвитой шийдвэр гаргаагүй учир шүүхэд хандахаар болсон. Д.Бат-Ундрахыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун томилсон юм байна лээ. Энэ бол хууль ёсны томилгоо биш. Үүнийг Э.Болорчулуун дарга сайн мэдэж байгаа. Өөрөө ч мөн 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар ажиллахдаа дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу томилогдож байсан. Мөн Д.Бат-Ундрах нь өнгөрсөн 11 дүгээр сараас зургадугаар сарыг дуустал ажиллах хугацаанд Засаг даргын бүх захирамж гарсан байгаа юм. Гэтэл Засаг дарга байхгүй, солигдоно гэсэн шалтгаанаар иргэдээс ирүүлсэн буулгалтын ажил, хугацаа сунгалтын материалыг авахгүй, авсан ч захирамжид оруулаагүй байсан. Түүнчлэн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлуулах ёстой байдаг. Гэтэл үүнийг одоо болтол ажлын хэсэгт хүлээлгэж өгч батлуулаагүй байна.

-Газрын асуудлаа шийдүүлэх гэсэн өргөдөл хэр олон ирсэн бэ. Газартай холбоотой асуудлыг яаж шийдэж байна вэ?

-Өргөдлийн тоо өдөр ирэх тусам хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Хэдийгээр бид иргэдийн өргөдлийг хүлээн авч байгаа ч шийдвэрлэж чадахгүй байна. Шийдэх ч боломж алга. Иргэдийн зүгээс “Энэ асуудлаа яаралтай шийдээч” гэж бухимдах болсон. Энэ болгонд нь иргэдтэй өөрийн биеэр уулзаж учир байдлыг  тайлбарлаж өгдөг.  

-Цаашид ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна вэ?

-Одоогоор дүүргийн Цагдаагийн хэлтэст тамга, тэмдэг авч явсан гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Хууль бус томилгооны асуудал болохоор Захиргааны хэргийн шүүхэд хандах болов уу. Маргаантай гэж үзэж байвал шүүхэд хандаж болно. Хамгийн гол нь төрийн тамга, тэмдэг албан өрөөндөө байх ёстой. Удирдлага солигдохоос үл хамаарч төрийн үйлчилгээ цалгардах ёсгүй. Гэтэл үүнийг ч бодолцолгүй, хувийн компанийнх нь тамга мэт аашилж байгаад харамсч байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү