С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бангкокт албан ёсны айлчлал хийлээ

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бангкокт албан ёсны айлчлал хийлээ


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, "Монгол наадам цогцолбор" ОНӨГ-ын дарга Н.Батсүмбэрэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Батсүх болон бусад албаныхан Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотод айлчиллаа. Хотын дарга тэргүүтэй албаныхныг Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн угтаж авсан юм.

Айлчлалын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Тайландын вант улсын нийслэл Бангкок хотын захирагч, Цагдаагийн генерал Асвин Кванмыангтай уулзсан. Уулзалтаар 2 хотын эдийн засаг аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туслалцаа үзүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүүлийн жилүүдэд 2 улсын харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгааг онцлон хэлье. Төр, засгийн дээд түвшний айлчлал болон орон нутгаас сургалт, семинарт хамрагдах явдал нэмэгджээ. 1999 онд хоёр хотын ИТХ-ын хооронд ах дүүгийн харилцааг тогтоож, санамж бичиг байгуулснаас хойш хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байдаг. Цаашид энэхүү харилцааг бататган өргөжүүлэх зорилгоор 2 хотын захиргаа хооронд шууд хамтын ажиллагаа тогтоож, ах дүү хотын харилцаатай болох болсонд сэтгэл хангалуун байна. Бид Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа учраас өнөөдөр надтай аялал жуулчлалын салбарын удирдлагууд танай хотоос туршлага судлахаар ирсэн. Халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье" хэмээв.

Бангкок хотын захирагч, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг “Хоёр хотын ИТХ-ын хооронд 1999 онд анхны харилцааг тогтоосон байдаг. Мөн эрхэмсэг элчин сайд надтай хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Ингээд өнөөдөр тантай уулзаж байгаадаа маш их баяртай байна. Таны энэхүү айлчлал хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжихөд чухал нөлөө болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү