Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрөгч сарын эхээр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын эсрэг тавьсан 1718 (2006) тоот хоригт шинэчлэл оруулж, 14 хувь хүн, 4 аж ахуйн нэгж, байгууллагыг “хар жагсаалт”-д нэмж оруулсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэрийг гаргасныхаа дараахан Аюулгүйн Зөвлөл дахин тогтоол баталж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн худалдан авалтуудад 1990-ээд оны сүүлээс оролцсоор ирсэн Намчонганг худалдааны корпораци (Namchongang trading corporation) болон уламжлалт зэвсгийн гол экспортлогч Ногоон нарс хамтарсан корпораци (Green pine associated corporation) гэх хоёр аж ахуйн нэгжийг жагсаалтад нэмж оруулсан байна. Мөн жагсаалтад өмнө байсан 4 хүний мэдээллийг засварлан шинэчилжээ.
Түүнчлэн Аюулгүйн Зөвлөл 1267 (1999), 1989 (2011), 2253 (2015) тогтоолуудаар хэрэгжүүлж буй Ирак, Левантын Исламын Улс (ISIL) болон Ал-Кайда (Al-Qaida) бүлгүүд, тэднийг дэмжигчдийн эсрэг хоригт хэд хэдэн удаагийн өөрчлөлт оруулсан байна. Үүгээр жагсаалт дахь Левантын ард түмний ялалтын фронт (Al-Nusrah Front for the people of the Levant) хэмээх нэг байгууллага болон хоёр хувь хүний мэдээллийг засварлан шинэчилж, Пакистаны Талибудын Чөлөөт бүлэг буюу Jamaat-Ul-Ahrar (JuA) хэмээх бүлэг, Германы иргэншилтэй Фаред Саал7 (Fared Saal), Их Британийн иргэншилтэй Александа Амон Котей (Alexanda Amon Kotey), Элшафий Эл Шэйх (Elshafee El Sheikh) нарын8 хүмүүсийг нэмжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хориг арга хэмжээний шийдвэрүүддээ дээрх мэтээр тогтмол нэмэлт, өөрчлөлт оруулж буй тул Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд буюу үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд манай цахим хуудасны “Мөнгө угаах, терроризмтой тэмцэх” цэсээр орон, санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалттай танилцаж, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай. Хэрвээ жагсаалтад орсон хувь хүн, хуулийн этгээдтэй харилцаа, хамтын ажиллагаатай бол нэн даруй харилцаагаа таслах, дансыг царцаах, хөрөнгийг битүүмжлэх болон дахин шинээр харилцаа үүсгэх боломжгүй болгох арга хэмжээг хуулийн хүрээнд нэн даруй авч ажиллах үүрэгтэйг анхааруулж байна.