Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалтыг баталлаа

Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалтыг баталлаа


7 жил

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын түр жагсаалтыг1 дэлхийд тэргүүлэгч 26 биржийг багтаан батлав. Мөн Монгол Улсын хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны бүртгэл бүхий харьяалах 24 улс орон бүхий жагсаалт2 гаргалаа. Эдгээр жагсаалтуудыг баталснаар тус биржүүд болон улс орнуудад бүртгэлтэй компаниуд манай улсад давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих, мөн эдгээр улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргах боломжтой болох юм.

Тиймээс жагсаалтад багтсан биржүүдэд бүртгэлтэй компани үнэт цаасаа бүртгүүлэхэд тавигдах шаардлага, шалгуурыг шинэчлэн тогтоох, боломжтой хөнгөлөлт, чөлөөлөлтийг өөрийн дүрэм, журам тусгах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг хангагдах нөхцөлийг бүрдүүлэх, давхар бүртгэлтэй компанийн тайлагнал, ил тод байдлыг хангах зохицуулалт бий болгож ажиллахыг “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-д тус тус үүрэг болгов.

Жагсаалтуудыг гаргахдаа хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, зохицуулалт, хууль эрх зүйн орчинд үнэлгээ, дүгнэлт өгдөг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MSCI /Morgan Stanley Capital international/, FTSE /Financial Times Stock Exchange/ индексийн ангиллыг баримталснаас гадна үндэсний арилжаа эрхлэгч байгууллагын санал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадад бүртгэлтэй компаниудын улс болон биржийн харьяаллыг харгалзан үзсэн байна.

Өнөөдөр олон улсад үйл ажиллагаа явуулдаг, хил дамнасан компаниуд олширч, давхар бүртгэл буюу хоёр болон түүнээс дээш тооны биржид үнэт цаасаа бүртгүүлэх үйл ажиллагааны ач холбогдол ихээхэн нэмэгдэж байна. Компани үнэт цаасаа өөр улсын биржид давхар бүртгүүлэх, эсвэл өөрийн суурь үнэт цаасанд суурилсан хадгаламжийн бичгийг гадаад улсад гаргах нь үнэт цаасныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгийн нэмэлт эх үүсвэр татах, олон улсад тухайн компанийн үйл ажиллагааг таниулж, компанийн үнэ цэнэ, бүтээгдэхүүний борлуулалт, ашгийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Мөн Хорооны хуралдаанаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлага хангаж амжаагүйн улмаас түдгэлзүүлээд байсан “Арвинбураат ББСБ”, “Ачиткапитал ББСБ”, “Фин-Инвест ББСБ”, “И Зэт Би финанс ББСБ”,“Майкро кредит инвестмент ББСБ”, “Танилгрупп ББСБ”, “Гео финанс ББСБ”, “Фундаментал ББСБ” ХХК-уудын тусгай зөвшөөрлийг сэргээлээ. Тус компаниуд Хорооны 2016 оны 271, 2017 оны 27 тоот тогтоолын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг 800.0 саяас 1.0 тэрбум болгож нэмэгдүүлээд байна. Эдгээрээс гадна, 2.5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагыг хангасан нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааг нийслэлд, 200.0 сая төгрөгийн  хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагыг хангасан нэг компанид уг үйл ажиллагааг орон нутагт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, одоо ажиллаж байгаа нэг ББСБ-д цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг нэмж өгөв.

Түүнчлэн, Хорооноос тогтоосон дүрэм журам, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүй “Хайлааст арван зургаа”, “Дүнчүүр баялаг”, “Арвин итгэл”, “Тэргүүнцамбагарав”, “Хамтын хөдөлмөрийн хүч”, “Бичил бизнес бичил 12”, “Өгөөж дулаан хаан” ХЗХ-д, “Ти Эн Эн ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Монголын санхүү хөгжлийн корпораци ББСБ” ХХК-ийнхыг хүчингүй болголоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү