“60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхаарууллаа

“60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхаарууллаа


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуулаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан  бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асууж байлаа.

Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэллээ.

Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаардлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү