Скаутуудын майхант чуулга уулзалт 7 хоног үргэлжилнэ

Скаутуудын майхант чуулга уулзалт 7 хоног үргэлжилнэ


7 жил

Ази номхон далайн бүсийн Скаутуудын 31-р Жембори буюу скаутуудын майхант чуулга уулзалт энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болоод байна. Энэхүү арга хэмжээнд Ази-номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 гаруй орны 7000 хүүхэд оролцож байгаа аж. Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуусыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм. 31-р Жембориг Монголын Скаутын холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны талаар Монголын Скаутын холбооны ерөнхийлөгч Л.Байгалмаа “Жембори гэдэг нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт, уулзалт юм. Энэ удаагийн арга хэмжээ нь Ази номхон далайн бүс нутгийн орнуудаас гадна Америк, Европ тивийн нийт 40 гаруй улсаас хүүхэд, залуус оролцож байгаагаараа онцлогтой” хэмээн хэллээ.

“Жембориг зохион байгуулах эрхийг 2012 онд бүсийн их хурал дээр гурван улстай өрсөлдөж авсан. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн, бүсийн болон бусад улс орнуудын Жемборид оролцож туршлага судласан” хэмээн зохион байгуулах хорооны дэд дарга н.Мөнхтулга ярилаа.

Ази номхон далайн бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг олон улсын стандартад нийцсэн олон төрлийн сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагаа, зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Жембори дээр скаут хүүхдүүдийг хөгжүүлэх “Нүүдэлчдийн соёл цогцолбор”, “Адал явдалт цогцолбор”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор”, “Браунси арал цогцолбор”, “Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор”, “Чөлөөт цагийн цогцолбор” зэрэг таван томоохон цогцолбор төв ажиллах юм. Хүүхэд бүр эдгээр төвөөр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг, дадал, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болоход туслах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү