Түймрийн нөхцөл байдал болоод хандив тусламжийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр: Сүүлийн өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас хойш иргэд ногоон бүс рүү их гарч түймрийн эрсдэл нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар түймрийн тоо 22-оос 21 болж буурсан төдийгүй дэлгэрэх эрчим нэлээд буурсан.
Долоон түймрийг цурманд оруулан 14 түймэр дээр манай албан хаагчид ажиллаж байна. Одоогийн байдлаар түймрийн нөхцөл байдал хүндэрсэн нөхцөл байдалд хүрээгүй. Түймрийн асуудалд төрийн өндөрлөгүүд нэлээд онцгой анхаарал тавьсан.
Ард иргэддээ түймрийн эрсдэлтэй үе дуусаагүй байгаа учраас ногоон бүсдээ аль болох гарахгүй байхыг анхааруулж байна. Түймрийн нөхцөл байдал онцгой байдлын байгууллагын хараа хяналтад бүрэн орсон гэдгийг хэлмээр байна. Бид шаардлагатай бол ард иргэдээсээ дэмжлэг туслалцаа авна. Өнөөдрийн байдлаар 14 түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна гэдгээ албан ёсоор мэдэгдье.
Түймэр унтраахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байгууллага хамт олонд талархлаа илэрхийлж байна.
Өчигдрөөс эхлэн үүлэнд нөлөөлж 22 пуужин харвасан нь үр дүнгээ өгсөн гэж харж байгаа. Өнөөдөр хур тунадасны магадлалтай үүлүүд орж ирэхэд үүнд нөлөөлөхөөр 10 экспедиц байрлалаа эзэлсэн байгаа.
Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар 84 иргэний 32 сая 470 мянган төгрөг нийт 239 сая 800 мянган төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугларсан. Харин бэлэн бусаар маш их хандив ирсэн учраас үүнийг одоогоор мөнгөн дүнгээр бодох боломжгүй байна.