Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүн хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ.
Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга хошууч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцав. Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа.
Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо.