Улсын хэмжээнд 21 түймэр асч байна

Улсын хэмжээнд 21 түймэр асч байна


7 жил

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 15-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж, түймрийн тархалтын талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг өгсөн бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Батсүмбэрт ажиллаад ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байна. Үүний тав нь хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид байгаа юм. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймрийн 16 голомтод Онцгой байдлын албанаас 700 гаруй алба хаагч, 30 авто машин, техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумаас зүүн хойш  35 км-ын зайд их хэмжээний ой хээрийн түймэр энэ сарын 9-ний өдрөөс эхлэн тасралтгүй ассаар байна. Замын бартаа саад ихтэй уулархаг энэ газарт онцгой байдлын гал сөнөөгчид очиход тун хүндрэлтэй газар аж. Нийтдээ 15 км газар нутгийг хамраад буй уг түймрийг гал сөнөөгчид цурманд оруулаад байгаа ч газрын хөрс хэт хуурайшилттай байгаа учир түймэр дахин дэгдэх магадлал өндөр байгааг хэлж байна.

Энэ түймэрт Дорноговь, Говьсүмбэр, аймгуудын Онцгой байдлын ангийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн татан оролцуулж байгаа бөгөөд Төв аймгийн Онцгой байдлын албаны гал сөнөөгчид гээд нийт 40 гаруй гал сөнөөгчид түймрийн голомтон дээр өдөр, шөнөгүй ажилласаар байна. Мөн нутгийн 70 гаруй  энгийн иргэд сайн дураар түймэрт дайчлагдан оролцож байна.

Гал түймрийн аюулд өртсөн нутаг орноо хамгаалах энгийн иргэд, залуусын хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Батсүмбэрт гарсан түймрийг унтраах ажиллагаанд төрийн бус байгууллагын болон сайн дураараа нэгдсэн залуус гал сөнөөгчдөд хоол хүнс, эд материалын зүйлсийг тусламж болгон аваачиж өгсөөр байна. 

Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа ч нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсаар байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү