Иргэдийг сайн дураар түймрийн голомт руу явахгүй байхыг анхааруулж байна

Иргэдийг сайн дураар түймрийн голомт руу явахгүй байхыг анхааруулж байна


7 жил

Ойн түймрийн утаа Улаанбаатар хотод орж ирсэн, түймрийн нөхцөл байдал хүндхэн байгаа тухай мэдээлэл сонссон иргэд урьд шөнөөс эхлэн фэйсбүүкт “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийг байгуулан хандивын ажил зохион байгуулж, мөн залуусыг сайн дураар гал түймэр унтраах ажилд нь уриалсан нь олныг хамраад байгаа билээ.

Түүнчлэн 100 шахам залуус өчигдөр Сүхбаатарын талбайд 15:00 цагаас цуглаж, Батсүмбэр рүү явахаар болсон. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй албаны хүмүүс “Гал сөнөөгчдөд туслах групп” болон “Нэг Монгол” төрийн бус байгууллагын төлөөллөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зүгээс гал түймэр унтрааж буй алба хаагчдад хэрэгтэй зүйлсээр туслах, цуглуулсан хандиваа хэрэгтэй газар нь хүргэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Харин гал түймэр унтраахаар иргэд сайн дураар явахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зайлшгүй явах тохиолдолд мэргэжлийн нэг өдрийн сургалтад хамрагдаж, эрүүл мэндээр тэнцэх эсэхээ заавал шалгуулах, мэргэжлийн хүмүүсийн зааварчилгааны дагуу ажиллах ёстойг анхаарууллаа.

Төр иргэнээ хамгаалах ёстой. Тийм учраас иргэдийн энэ эх орноо гэсэн сайхан санаачлагыг талархан хүлээж авч байгаа хэдий ч түймрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа ийм нөхцөлд мэргэжлийн бус хүмүүсийг ойн түймэрт явуулж болохгүй. Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэсэн байр суурийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас баримталж байгаа юм.

Гэсэн ч “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийн төлөөллүүд сайн дураар явна гээд хамаг юмаа бэлтгээд ирсэн хүмүүсийг тараах хэцүү байгаа тул мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангаж өгөхийг хүсэв. Мөн түймрийн голомт руу оролгүй, боломжит газар хүртэл ус зөөх, хоол унд хийж хүргэж өгөх гэх мэтээр ажиллах нөхцөл боломжийг гаргаж өгөхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү