Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр ажиллаж байна. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байна.
Энэ удаагийн санал хураалтад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 907162 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнээс “Түр хасав” тэмдэглэгээтэй 29904 сонгогч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос нийт 9043336 саналын хуудас хүлээн авч энэ сарын 5-ны дотор техник хэрэгслийн хамт бүх санал авах байруудад тарааж дууссан аж. Санал хураалт өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт 4317 иргэн ирүүлсэн бөгөөд өчигдрөөс 08:00-20:00 цагийн хооронд саналыг нь авч эхэлсэн байна.
Зарим байгууллага сонгогчдыг санал өгүүлэхийн тулд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргээр уриалга гаргаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70.1-д зааснаар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчийн саналыг татах зорилгоор бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгөөр үзүүлэх зэргийг хориглосон байдаг. Сонгуулийн талаарх зөрчил, аливаа гомдол саналыг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллагад хандан шийдүүлэх бүрэн эрх нь иргэдэд нээлттэй юм байна.