Наадмын комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Батболд нар боон Үндэсний их баяр наадмын комисс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын бэлтгэл ажилтай өнөөдөр /2017.07.06/ танилцлаа.
Бэлтгэл ажил 90 гаруй хувьтай хангагдсан бөгөөд үлдсэн хугацаанд бусад засварыг хийж дуусгана. Үндсэндээ бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж албаныхан хэлж байна.
Наадмын тасалбарыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн төр захиргааны нэгдсэн төв буюу Мишээл, Драгон, Дүнжингарав, 7 буудлын Оргил худалдааны төвүүдэд зарна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Наадмын салбар хорооны дарга Т.Гантөмөр “Хүй долоо худагт бие засах газар хол байдаг гэсэн гомдлын дагуу шинээр зургаан чингэлэг байршуулж, бие засах газар гаргаж өгсөн. Ингэснээр био болон чингэлгэн бие засах газар 36 болж байгаа. Тус зургаан чингэлэгт зориулж 130 метрийн гүний худаг шинээр нээсэн. Иргэд зорчиход хүндрэлтэй үерийн далангийн суваг дээр модон гүүр арвыг тавьж өгсөн. Хүй долоо худагт хаана юу байгаа нь мэдэгддэггүй учраас тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж байршлын том самбар тавьсан. Үзэгчдийн 3000 суудал нэмсэн гээд олон ажил хийсэн” гэлээ.
Наадмын комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх “Нийт 2.8 тэрбум төгрөгөөр энэ жил засвар хийлээ. Үүний 2.1 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж өгсөн, үлдсэнийг нь дотоодын нөөц бололцоогоор болголоо.
Ер нь жил бүр засвар хийгээд байхгүй. Төв цэнгэлдэхийн орчим хийсэн тэмдэглэгээг америк стандартаар хийсэн учир дараа жил дахин засварлах шаардлагагүй. Цаашдаа бид шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болох шаардлагатай нь харагдаж байна” гэлээ.
Баяр наадмын үеэр 55 том оврын автобус 8 чиглэлд үйлчлэх ажээ.