Монголбанкны 2017 оны хоёрдугаар улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүн 125.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурчээ. Тайлант хугацаанд санхүүгийн үзүүлэлт ашигтай гарахад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт голлон нөлөөлсөн байна.
Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч, үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад болон дотоодын өр төлбөрийн хэмжээ буурсан нь санхүүгийн тайланд эерэг өөрчлөлт бий болох нөхцөлийг бүрдүүлжээ.
Монголбанкны тухайн жилийн алдагдлын хэмжээ нь 2012 онд 181.395 сая төгрөг, 2013 онд 251.071 сая төгрөг, 2014 онд 535.475 сая төгрөг, 2015 онд 357.394 сая төгрөг, 2016 онд 1.648.026 сая төгрөгтэй тус тус тэнцэж байсан юм.
Валютын арилжааны алдагдал, ханшийн зөрүүний алдагдал, гадаадын байгууллагаас авсан зээлийн хүү, санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн алдагдал зэрэг нь Төв банкны алдагдалд голлон нөлөөлжээ.