БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хэнтий аймгийн Дадал суманд түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах шилдэг санааны уралдааныг танай яамнаас зарлаж амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн ням гарагт шилдэг санаа, зураг төсөл бүхий шилдэг 12 баг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, та бүхэн ялагчийг тодруулсан үйл явдал болсон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Засгийн газраас 2017 оныг “Тогтвортой аялал жуулчлалын жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд манай яамнаас хийж байгаа ажлуудын нэг нь “Мянганы суут хүн-их эзэн Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор”-ыг байгуулах ажлын эхлэлийг тавих явдал байсан. Монголыг дэлхийд таниулах хэмжээний энэ том төслийн санаачилгыг анх УИХ-ын дарга М.Энхболд гаргаж, Засгийн газарт холбогдох чиг үүрэг өгснөөр ийнхүү ажил хэрэг болгох эхлэлийг нь амжилттай тавилаа. Тиймээс ч УИХ-ын дарга өөрийнх нь санаачилсан ажил хэрхэн хөрсөн дээр буухыг сонирхож, үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, уран бүтээлчдэд баяр хүргэж, амжилт хүссэн.
Уралдаанд оролцсон шилдэг 12 багийн бүтээлээр гаргасан үзэсгэлэн Blue mon art gallery-д маргаашийг хүртэл үргэлжилэх учир иргэдийг очиж үзээсэй гэж хүсч байна. Энэ төсөл Монголын аялал жуулчлалыг дэлхий дахинаа сурталчлах түүхэн үйл явцын эхлэл юм.
-Дэлхий дахины анхаарлын төвд орох томоохон төслийн эхлэлийг амжилттай хэрэгжүүлж, цогцолборынхоо үлгэрийг гаргаад авчихсан гэж ойлгож байна. Ямар компаниудын төлөөлөл оролцсон талаар танилцуулахгүй юу?
-Нийт 12 компани бүтээлээ ирүүлснээс 5 байр шалгаруулж, урамшуулсан. Уралдааны I байрийг “ШУТИС зураг төсөл судалгааны төв” баг, II байрийг “Хаус дизайн” ХХК, III байр “Монгол архитектур дизайн” тусгай байрыг Эдшил ХХК -ийн “Дэлүүн болдог дэлхийд болон “Тэнгэрийн тамга” баг тус тус эзэлсэн.
Шүүгчдийн бүрэлдэхүүн “Бүх оролцогч ялагч юм шүү” гэдгийг маш сайн захиж байсан учир нийт оролцсон 12 багийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг гаргаж, энэхүү төслийг цааш нь үргэлжлүүлэх саналыг шүүгчид гаргасныг сайшаан дэмжиж байгаа. Монголын архитекторуудын чадварыг шалгасан энэхүү үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн бүх багийнхандаа хандаж, та бүхний гаргасан санал, санаачилга бүрийг Монголыг дэлхийд таниулах энэ том цогцолборт шингээж ажиллахын тулд холбогдох газруудтай нь үргэлж хамтарч ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна. Уран бүтээлчид бол цаг хугацаанд элэгдэхгүй мөнхийн бүтээлийг үлдээж чаддагаараа хүндлүүштэй, бахархууштай хүмүүс шүү дээ.
-Манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжил ямар шатанд явж байна гэж та хэлэх вэ?
-Ер нь аялал жуулчлал бол тогтвортой хөгжлийн стратегийн гол салбар болоод байна. Дэлхийд жил бүр 1.2 тэрбум жуулчин аялдаг, дэлхийн аялал жуулчлалын салбарын жилийн өсөлт сүүлийн 7 жил дараалан бусад салбарын дундаж өсөлтөөс байнга дээгүүр гарч байгаа. Дэлхийн 6 хүн тутмын нэг нь жил бүр гадаадад аялал хийдэг, 2030 онд аялагчдын тоо 1.8 тэрбум болох тооцоотой байгаа.
Аялал жуулчлал бол ногоон хөгжлийн тэргүүлэх салбарын нэг мөн. Энэ ч утгаараа аялал жуулчлалын асуудал нэг орны асуудал биш болж даярчлагдан, бүсчлэгдэж байна. Иймээс бид, хоёр хөрштэйгөө нягт хамтран ажиллах шаардлага гарч байгаа. Тухайлбал, 3 улсаар дамжин аялах жуулчдад нэг орноос нөгөөд ороход хялбар хил гааль, тээврийн үйлчилгээг жигд сайн үзүүлэх нөгөө талдаа улс бүр өөрийн онцлог ялгааг харуулсан аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй байна. Энэ утгаараа 3 улсын аялал жуулчлалын удирдлагуудын гэрээ хэлэлцээр хамтын ажиллагааны тохиролцоо нилээд эрчимтэй явж тодорхой үр дүнд хүрээд байгаа.
Монголын онцлог аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг гурван чиглэлд гаргах бодлого баримталж байгаа нь байгалийн, түүх соёлын болон эрүүл амьдрал алжаал тайлах гэсэн чиглэл юм. Дэлхийн хөгжингүй орнуудын аялал жуулчлалын бүтээгдэахүүнүүд ч дээрх багцуудыг аялал жуулчлалынхаа хөгжлийн чиглэлд багтаасан байдаг. Дээр дурьдсан “Мянганы суут хүн-их эзэн Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор”-ын ажил нь түүх соёлын чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хийж буй томоохон ажлын нэг юм.
-Засгийн газраас 2017 оныг тогтвортой аялал жуулчлалын жил болгон зарласан гэж байна. Энэ талаар тодруулна уу?
-Саяхан Филиппиний Манилад болсон аялал жуулчлалын олон улсын хуралд тогтвортой аялал жуулчлал гэж юу вэ гэдэг талаар олон улсын төлөөлөгчид хэлэлцсэн. Энэ үеэр аялал жуулчлалын салбар эдийн засгийн үр дүнд хэт анхаарч байгаад шүүмжлэлтэй хандаж энэ салбараас гарах нийгмийн үр дүн, ялангуяа ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх болон соёл уламжлалыг хайрлан хамгаалахад илүү анхаарах, байгаль орчинд сөрөг нөлөө багатай байх талаас нь цогц байдлаар анхаарч ажиллах тухай онцолсон байгаа.
Монгол Улсын аялал жуулчлалын хувьд ч ялгаагүй нийгмийн үр дүнд илүү анхаарах шаардлага байгаа. Жуулчдад зориулсан үйлчилгээнээс бий болох ажлын байрнаас гадна тухайн байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутгийн ард иргэд аялал жуулчлалаас олох үр өгөөж нь морь, тэмээ унуулах төдийнхөөр хязгаарлагдмааргүй байгаа юм.
Энэ утгаараа дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тодорхойлсноор тогтвортой аялал жуулчлал бол эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр ашиг нь жигд тэнцвэртэй, бүгдэд хүртээмжтэй байх учиртай байгаа юм.
-Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гарч байгаа ямар бэрхшээл байна вэ?
-Монгол Улсад аялал жуулчлалын салбар бусад орныг бодвол хожуу хөгжсөн учир энэ салбарын хувьд туршлага багатай орнуудын тоонд орно. Энэ утгаараа бид эрх зүй, бодлогын орчин, бүтэц байгууллагын чадавхи, статистикийн мэдээ мэдээлэл цуглуулах, түүн дээрээ үндэслээд төлөвлөлт хийх, бодлого төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хөрөнгө татах чадвар зэрэг бүх зүйл дээр бусдаас суралцах шаардлагатай, бидний хувьд бэрхшээл болж байгаа зүйлүүд их байна.
Юуны өмнө бид аялал жуулчлалын тухай хуулиа орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах хэрэгтэй байна.
Бодлого хэрэгжүүлэх бүтцийн хувьд, бусад орны жишгээс харахад аялал жуулчлалын бүтэц нь тусгай хамгаалалттай газрын менежмент, түүх соёлын өвийн асуудлыг хамт авч явдаг жишиг байдаг. Манайх энэ тал дээр анхаарч уялдуулах зүйлс байгаа.
Аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтэц дээр үндэсний онцлогтой, гэхдээ дотооддоо нутгийн ялгаатай стратегитэй болох үүнийг дагаад үйлчилгээний стандартууд гаргаж мөрдүүлэх зэрэг ажлыг хийхгүйгээр энэ салбар дэлхийн жишигт хүрнэ гэж байхгүй.
Эрх зүй, бодлого цэгцтэй бол хөрөнгө оруулалтын ажлуудыг хувийн хэвшил болон олоун улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар хийхэд дөхөмтэй болно. Энэ мэт бэрхшээл гэхээсээ илүү үндэс суурийг нь тавьж, зоригтойгоор эхлүүлэх ажил их байна.
-Танай яамнаас боловсруулж батлуулаад удаагүй байгаа Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярьмаар байна. Хог хаягдлын тухай хуулийг шинэчилэн найруулах болсон шаардлага юу байсан юм бэ?
-Хог хаягдал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Техник технологи улам хурдацтай хөгжихийн хэрээр байгальд байдаггүй материалаар хийсэн, байгалийн үйл явцаар цэвэрших боломжгүй бараа бүтээгдэхүүнүүд хэрэглээнд маш ихээр орж ирж байна. Эдгээрийг хэрэглээнээс гармагц хэрхэн зөв устгалд оруулах, дахин ашиглах асуудлыг шийдээгүйгээс амьтан, ургамал, хөрсний микро организмуудад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж олноороо хордсон тухай дэлхийн хэвлэл мэдээллээр байнга ярьж байгаа.
Манай улсад ч ялгаагүй автомашины, цахилгаан хэрэгслийн, химийн гээд олон төрлийн хог хаягдлын хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байна. Эдгээрийг хууль, бодлогоор зохицуулж, хэрэглэгчдийг зөв зохистой хэрэглээнд уриалахаас эхлээд амьдралд нь нэвтрүүлэхгүй бол байгаль орчин болон хүний эрүүл мэндэд маш хортой сөрөг нөлөө үзүүлдгийг харуулсан сургамж ч бидэнд байгаа. Иймд үйлдвэрлэл, технологийн дэвшлийг дагаад, холбогдох эрх зүй, бодлого хурдан шинэчлэгдэж амьдралд гарч буй асуудлыг шийдэж байх ёстой зарчмын дагуу бид Хог хаягдлын тухай хуулийг шинэчилэн батлуулсан.
-Та 1 ярилцлагадаа иргэн хог хаяж байгаа тухай мэдээлэл өгөөд тэр нь баталгаажсан тохиолдолд тухайн хог хаясан этгээдийн торгуулийн мөнгөн дүнгийн 15 хувиар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулна гэсэн байсан. Энэ мэтчилэнгээр уг хуулийг олон шинэ заалттай байх нь гэж ойлгож байгаа?
-Хуулийн шинэчилсэн найруулга олон онцлог давуу талтайгаас чухал хэдийг дурдая. Нэгд, хог хаягдлын менежментэд хэрэглэдэг стандарт нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгосон. Хоёрт, хог хаягдлыг зохицуулахад чухал үүрэг бүхий гол салбарууд болох уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, барилга, төсөв санхүү, боловсролын салбарын хариуцлага, үйл ажиллагааны хүрээг зааж өгсөн. Гуравт, аюултай хог хаягдлын зохицуулалтыг олон улсын шаардлагад нийцсэн байдлаар тусгасан. Дөрөвт, аливаа зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангаруулсан. Эцэст нь, иргэдийн хог хаягдлын талаарх боловсрол, мэдээллийн асуудлыг системтэй цогц байдлаар шийдэх заалтууд орсон.
-Хог хаягдлын асуудлыг шийдэхэд эрх зүйн зохицуулалт бий болгохоос гадна тэдгээрийн хэрэгжилтээс үр дүн ихээхэн хамаардаг. Энэ тал дээр танай яам хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Хуулийг хэрэгжүүлэх батлуулахаас илүү ярвигтай. Нэн тэргүүнд манай яамнаас хуулийг сурталчлах ажлыг хийж эхлээд байна. Нэг талаас хуулийг гардан хэрэгжүүлэх үүрэгтэй бүх шатны төрийн байгууллагуудын удирдлага, ажилтнууд, нөгөө талаас иргэд, ААН-үүд хуулийг сайн мэддэг байх нь хэрэгжилтийн үр дүнд маш чухал. Үүний зэрэгцээ хэрэгжүүлэх журмыг боловсруулах, аюултай болон хориглосон хог хаягдлын жагсаалт гаргаж батлуулахаар ажиллаж байна.
Мөн 2014 онд баталсан “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг шинэ хуулинд нийцүүлэн шинэчлэн боловсруулах шаардлага байгаа. Энэ хөтөлбөрт хуулийг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлууд тодорхой оруулснаар хэрэгжилтийн ажил жигдрэх юм.
- Хууль сурталчлах ажлын хүрээнд танай яамнаас “Цэвэр сайхан орчин” аян зохион байгуулсан байх аа?
-Тийм, өнгөрсөн сарын 2-ноос эхлэн зохион байгуулсан уг аян амжилттай хэрэгжиж байгаа талаар аймаг, дүүргээс мэдээлэл ирүүлж байгаа. Энэ хүрээнд аймаг, дүүргүүд үндэсний их баяр наадмаа хоггүй угтах зорилгоор бүх нийтийн цэвэрлэгээ хийж, холбогдох мэргэжилтнүүд нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн байгууллагуудад хуулийн талаарх мэдээллийг түгээх зорилгоор сургалтууд зохион байгуулан ажиллаж байна. Аяныг энэ сарын 7-нд дүгнэх байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай давхцсан учир ажлын хэсгийнхэн хугацааны хувьд наашлуулах эсвэл хойшлуулах тал дээр анхааран ажиллаж байна. Мөн энэ аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага болон студиудын дунд Хог хаягдлын тухай хуулийг хэн сайн сурталчлах вэ нэртэй 5 сая төгрөгийн шагнал бүхий шторкны уралдаан зарласан. Мэргэжлийн байгууллагууд идэвхитэй оролцож байна.
-Танай яамнаас энэ онд боловсруулж батлуулсан бас нэг бодлогын баримт бичиг бол Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр. Энэ баримт бичгийн ач холбогдол юу вэ?
-Энэ хөтөлбөр маань Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийж буйм бас нэг томоохон ажил яах аргагүй мөнөөс гадна сая ярьсан Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх нэг механизм юм.
Өмнө нь орчны бохирдлын асуудлуудыг салангид маягаар өөр өөр бодлого төлөвлөлтөд тусгасан байдалтай, санхүүжүүлэгч төсөл хөтөлбөрийн хүрээнд хэсэгчилэн шийдэж ирсэнтул үр дүн төдийлөн харагдахгүй, асуудал улам хүндэрч таагүй нөхцөл байдалд хүрснийг та бид мэдэж байгаа.
Иймд орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгах, амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн нэгдсэн бодлогыг яаралтай боловсруулан гаргаж, төр засаг, иргэн, хувийн хэвшил гээд бүхий л талын оролцоотойгоор хэрэгжүүлэх шаардлагатай болсон.Энэхүү үндэсний хөтөлбөр гарснаар бид агаар, орчны бохирдлын асуудалд цогцоор нь хандсан, хөгжил бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулсан урт хугацааны нухацтай стратеги зорилго бүхий бодлоготой болж байгаа. Энэ нь дэлхий дахины хөгжлийн төлөвлөлтийн чиг хандлага болох асуудлыг системээр нь авч үзэн бодлого гаргах арга барилаар явж байгаа гэсэн үг.
Энэ хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж утаа үйлдвэрлэгч яндан болон хөрс, усыг бохирдуулж байгаа нүхэн 00-ийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэргээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Тус хөтөлбөрт тусгасан бусад онцлог үйл ажиллагаануудын талаар ярина уу?
-Бохирдлын асуудлыг дэвшилтэт техник, технологи ашиглахгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Иймд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулахаар болсон.
Хэрэгжилтийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдэхэд Ногоон зээлийн сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг механизмыг ашиглаж ажиллана. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа өвлийн улиралд гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх урамшууллыг иргэд, олон нийтэд хүртээмжтэй болгох, агаар, орчны бохирдол болон гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад дэмжлэг болгох үүднээс Ногоон зээлийн сан байгуулж хүү багатай, урт хугацаатай зээлийн бүтээгдэхүүн бий болгохоор манай яам СЯ-тай хамтран ажиллаж байна.
Мөн саяхан 6-р сард агаарын бохирдлыг бууруулах, ус хэмнэх, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлүүлэх асуудлыгЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Энэ нь энэ төрлийн бизнес эрхэлж байгаа иргэн, ААН-д дэмжлэг болохоос гадна худалдан авагч иргэдэд хямдралтай үнээр зарагдах боломж гарч ирнэ гэсэн үг.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх томоохон ажлууд гэвэл Төв цэвэрлэх байгууламж шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, түүхий нүүрсийг орлуулах хийн түлшний үйлдвэр, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөсөн байгаа.
Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бохирдлын асуудал бүрэн шийдэгдэх болов уу?
-Асуудал аль хэр хэмжээнд шийдэгдэх нь бүх талын хамтын ажиллагаа, ялангуяа ард иргэд, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын санаачилга, дэмжлэг, мөн хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаатай. Эдгээр хүчин зүйлүүд бол ямар ч бодлого хөтөлбөрийн амжилтад нөлөөлдөг, аль нэг нь байхгүй үед асуудал шийдэгдэхгүй цаасан дээр үлддэг шүү дээ.
Дээрх хэрэгжилтийн орчин сайн байгаа үед хүрч болох үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг бид гаргасан. Хөтөлбөрийг 2017-2025 онуудад хэрэгжүүлэх ба үүний дүнд инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, бохирдуулагч эх үүсвэрийг багасган, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80-аас доошгүй хувиар бууруулах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг 25 шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Үүнээс гадна бохирдлын асуудал нь соёл, амьдралын хэв маяг, нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой.
Нүүдлийн амьдралын хэв маягаар хотод амьдарч болохгүйтэй адил, хөдөөд хотын журам дүрмийг мөрдөхөд хэцүү. Нүүдэлчин бидэнд байгальд шингэдэггүй хог хаягдал гэж байсангүй тул хангай дэлхийдээ өргөөд тэр нь байгальдаа шингэж цэвэрлэгддэг байсан. Харин одоо бол бид даярчлагдсан дэлхийд амьдарч байгалийн бус олон хиймэл зүйлс хэрэглэж байгаа мөртлөө тэрийгээ урьдын адилаар байгальд даатган хаядаг хэвээрээ. Гэтэл байгаль шингээж чаддаггүй зүйл байна, шингээх даац гэж байна гэдгийг ухаарахгүй байна. Энэ утгаараа бохирдлын асуудал бүрэн шийдэгдэх эсэх нь бид хотын соёлыг хөдөөгийн хэв маягаас ялгаж чаддаг, соёлын болон орон зайн хоёр өөр зүйлийг хольж болохгүй гэдгийг ухаарч ойлгодог болохоос ихээхэн хамаарна.
Саяхны ганцхан жишээ хэлэхэд Туул гол руу хүүхдийн памперс голдуу маш их хог хаясныг манай Туул голын сав газрынхан цэвэрлэхэд 50 тон хог болсон байгаа.
-Энэ жил Монгол орон даяар хуурайшил ихтэй түймэр их гарч байна. Та бүхэн нөөц бололцоогоо шавхаж, хиймлээр бороо оруулахаас гадна гал унтааж буй хүмүүсийг хүнс болон шатахуунаар хангах ажлыг хийсэн гэж сонссон. Энэ талаар тодруулна уу?
-Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыгЦУОШГ-ынхан орон нутгийн холбогдох газруудтай хамтран амжилттай зохион байгуулж байгаа.Засгийн газрын нөөц сангаас энэ жил 450 сая төгрөгийг үүлэнд нөлөөлөх пуужинг худалдаж авахад зориулж гаргаж өгсөн. Одоогийн байдлаар 700 гаруй пуужин ашиглаж, түймэртэй газар болон газар тариалангийн бүс нутгуудад зориудаар бороо оруулсан тухай мэдээлэл ирүүлсэн.
Манай яамны зүгээс Богд уул болон Хэнтийн Асралт хайрхан ууланд гал түймэр гарч байх үед нөөц бололцоогоо ашиглан 20 сая төгрөг гарган Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа болон Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд хуваарилсан байгаа.
-Хариуцлагагүй уул уурхайн асуудлаас болж байгаль орчин сүйдэж байгааг байнга ярьдаг ч ямар ч арга хэмжээ авдаггүй. Танай яамнаас энэ асуудал дээр хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байна вэ?
-Байгаль орчин хамгаалах хуулийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүлэд шаардлага тавьж хариуцлага тооцож ажиллаж байгаа. Тухайлбал Архангай аймагт Орхон голд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй ажилласан жишээг хэлж болно. Өмнө жил би УИХ-ын зарим гишүүний хамт очиж, үйл ажиллагааг нь зогсоож, Орхон голын эх рүү бохирдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр хэд хэдэн газарт шүүрлийн далан байгуулах ажлуудыг гүйцэтгүүлсэн. Манай яам болон МХЕГ, орон нутгаас хамтран хяналт тавих ажлыг нилээд урт хугацаагаар зохион байгуулсан. Саяхан манай яамны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг дахин газар дээр нь ажиллаж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэр гаргуулан 2 сар хүртэл хугацаагаар дахин үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ жилийн үйл ажиллагааг явуулах менежментийн төлөвлөгөөг батлаагүй. Энэ хугацаанд Орхон голын бохирдол эрс багассан талаар нутгийн иргэд манайд мэдээлж байна. Цаашид ч нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу хийхгүй, голын ус бохирдуулах асуудал гарах юм бол тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргана.
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хэт халж, ан амьтан хүртэл харангадаж үхсэн тохиолдол энэ зун нэлээд гарч байна. Тухайлбал, хэт халуунаас болж Дорнодод цагаан зээр үрэгдсэн, хун нисч чадахгүй байгаа асуудал гарсан. Энэ тал дээр танай яам ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ асуудлыг хөндсөнтэй холбогдуулан Дорнод аймгийн “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн хамт олонд гүн талархал илэрхийлэхийг хүсч байна. Тус компанийнхан өөрсдийн санаачилгаар нийгмийн хариуцлагаа ухамсарлан харангадаж үхэхийн даваан дээр байгаа амьтдыг аварсан тухай мэдээлэл бидэнд ирүүлэн хамтарч ажиллахаар болоод байгааг дуулгахад таатай байна. Одоогийн байдлаар тус компанийн үйл ажиллагаа явуулдаг талбай орчимд 4 усан цөөрөм байгуулаад байгаа гэсэн. Удахгүй 6 цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэхэд нь манай яамны зүгээс техник арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох зөвшөөрлүүдийг гаргаж ажиллахаар болсон. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тухайн компани цаашид “Зээр хамгаалах сан” байгуулж ажиллахар болсныг дуулгахад таатай байна. Бид ийм сайхан сэтгэлтэй, санаачилгатай, эх оронч хүмүүсийг дэмжиж хамтран ажиллахыг хүсч байна. Манлайлагч хүмүүс олон болбол эх орны маань байгаль үзэсгэлэнтэй хэвээрээ үлдэж хэдэн үеэрээ бахархан үр өгөөжийг нь хүртэн амьдарна шүү дээ.
Эх сурвалж: БОАЖЯ