Долоодугаар сарын 1, 2-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 636 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 443 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 19 хүн гэмтжээ. Үүнээс явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 5, зорчигч хэлбэрээр 2 нийт 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлэн саатуулжээ.
Бүртгэгдсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 14 ослын улмаас 17 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон, авто машинтай мөргөлдсөн 8 ослын улмаас 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон хэргүүдийг ЗЦА шалгаж байна.
Орон нутагт онхолдох хэлбэрээр 5 осол гарсны улмаас 8 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Товчоо явах замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч З нь явган зорчигч 56 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. СХД-ийн нутаг Товчооны замд Sinotruck маркийн автомашин H.Verna маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 28 настай Б-н амь нас хохирсон.
Орон нутагт:
1. 2017.07.01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг асфальтан замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, зорчигч 67 настай Б, 8 настай А нарын 2 хүний амь нас хохирсон.
2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Эрийн овоо гэх газар асфальтан замд T.prius маркийн автомашин онхолдож, жолооч 72 настай М, 57 настай Д, 6 настай С нарын 3 хүний амь нас хохирсон хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.
Аялал жуулчлал, амрал зугаалгын улирал ирсэн мөн удахгүй улсын болон аймгуудын баяр наадам, тэгш ойнууд тохиож үргэлжилсэн бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэд гэр бүл найз, нөхөд, хамт олноороо хөдөө орон нутгийг ихээр зорьдог билээ.
Орон нутагт зорчиж буй жолооч нар ихэвчлэн дараах зөрчлийг гаргаснаас зам тээврийн осолд өртөх, холбогдох өндөр магадлалтай байдаг. Тухайлбал:
1. Орон нутагт зорчиж буй жолооч нар удаан цагаар тээврийн хэрэгсэл жолооддог.
Ядаргаа нь жолоочийн бие болон сэтгэл зүйн үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал харах мэдрэмж буурна, бусад эрхтэний мэдрэх чадвар муудаж, ой тогтоолт, анхаарал сулардаг байна.
Ядарсан жолоочид дараах шинжүүд илэрч болно. Үүнд: Эвшээлгэх, бие хүндрэх, анхаарал сарних, биеийн байрлалыг олон удаа өөрчлөх, нойр хүрэх хэтэрхий их тонгойх юмуу гэдийх зэрэг шинжүүд илэрч болно.
Иймд жолооч та хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед цаг тутамд 5-10 минут завсарлага авч биеийн тамирын дасгал хийх, нойр хүрсэн үед унтаж амрах нь зүйтэй бөгөөд нойр хүрэхээс урьдчилан сэргийлж, радио асааж сонирхолтой зүйл сонсох, хажуугийн хүнтэй ярих, цонхоо онгойлгох, суудал болон тээврийн хэрэгсэл доторх темпаратурыг тохируулах, бохь зажлах зэрэг нь хэрэг болдогийг судлаачид тогтоосон байдаг.
2. Хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэдэггүй.
Хүүхдийг урд суудалд, өвөр дээрээ эсвэл арын суудалд асран хамгаалагчгүй, хамгаалах бүс хэрэглэхгүй тээвэрлэх нь ослын үед шидэгдэх, хүнд гэмтэл авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Имйд жолооч та өөрөө болон зорчигч нарт хамгаалах бүс хэрэглэх, бага насны хүүхдийг хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч зэрэг хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг анхааруулж байна.
3. Зөвшөөрсөн хурны хязгаарыг хэтрүүлэх.
Аюултай нөхцөл, түүний шинж байдлыг цаг тухайд нь мэдэрч, үнэлж чадаагүй нь зарим тохиолдолд зам тээврийн осол гарах үндэслэлийг бий болгодог. Аюултай нөхцөл гэдэгт:
• Зам болон түүний орчин үзэгдэлт хангалтгүй. Жишээ нь замын огцом эргэлт, мод, сурталчилгааны самбар гэх мэт.
• Зам огцом эргэх, уруудах, өгсөх үед
• Зам дээр тээврийн хэрэгсэл явган зорчигч байх үед гэх мэт.
Аюултай нөхцөлд жолооч нэн даруй хурдаа хасах буюу аль болох бага хурдыг сонгох нь зүйтэй. Хурдыг шаардлагатай хэмжээнд хүртэл хасахгүй байх эсвэл жолооны хүрдийг огцом эргүүлэх үед автомашин шарвах буюу онхолдох явдал их тохиолддог.
Иймд жолооч та хөдөлгөөнд оролцохдоо хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүэлхгүй байх, замын гадаргууны байдал, тээж яваа ачаа зэрэгт тохируулан хурдыг зөв сонгож зорчихыг зөвлөж байна.
Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба