Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 23-р хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим компаниудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв.
Мөн Хөвсгөл, Дорнод аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг томиллоо. Эрчим хүчний тухай хууль”-ийн 9.1.12, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 186 дугаар тогтоолоор баталсан "Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох, чөлөөлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсгийг үндэслэн Дорнод аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнээр Баясгалан овогтой Батжаргалыг, Хөвсгөл аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнээр Сэр-Од овогтой Алтанчимэг нарыг тус тус томиллоо.
Дорнод аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Б.Батжаргал 1992-1997 онуудад ШУТИС, Удирдлагын академи, Сэрүүлэг дээд сургуулийг төгссөн. Тэрээр "Дорнод ДЦС”, "ДБЭХС” ТӨХК-д 20 гаруй жил ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн С. Алтанчимэг нь ХААИС-ийг "Нягтлан бодогч” мэргэжлээр төгссөн. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, "Лидер ХХК, "Хөвсгөл Дулааны Станц”, "Хөвсгөл Эрчим Хүч ХХК”-д тус тус ажиллаж байжээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Б.Батжаргал, С.Алтанчимэг нарт баяр хүргээд " Шинээр томилогдож байгаа гишүүд эрчим хүчний салбарыг сайн мэдэх, энэ салбартай ажил амьдралаа холбосон, мэргэжлийн хүмүүс байгаад баяртай байна. Аймаг орон нутагт эрчим хүчний зохицуулалтын үйл ажиллагааг хангаж, хэрэглэгч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалж ажиллах нь чухал юм" хэмээн онцолж байлаа.