Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын Алба, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хооронд Замын-Үүд чөлөөт бүсэд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүс дэх худалдааны урсгалыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Чөлөөт бүсийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход шаардагдах судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэх, хувийн хэвшлийн саналыг тусгах, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулахад хамтран ажиллахыг тусгажээ. Мөн Чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг идэвхжүүлэхэд харилцан санал солилцож үзэсгэлэн, уулзалт, зөвлөгөөн, сургалтыг талууд хамтран зохион байгуулах, гэрээнээс үүдсэн маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх “Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Бизнесийн Маргааныг Эвлэрүүлэн Зуучлах Төвтэй хамтран ажиллаж шийдвэрлэнэ гэж тусгасан ажээ.
Цаашлаад үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ экспортын чадамжийн судалгаа хийх, чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр 2 талаас сурталчилгааг хийх болно гэдгийг хэллээ. Санамж бичигт Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын албаны дарга М.Энхбаяр, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар гарын үсэг зурлаа гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.