Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өчигдөр хуралджээ.
Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцсон байна. Хуралдаанаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нарын танилцуулгыг сонсчээ.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадам зохион байгуулах салбар хорооны дарга нарыг хариуцсан ажлаа сайтар хянах, нягт зохион байгуулах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн энэ жилийн хурдан морины уралдаанд Монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулахад хатуу хяналт тавьж ажиллахыг Монголын Уяачдын холбоо, Хурдан морины салбар хороонд анхааруулжээ. Тэрбээр “Монгол наадамд, Монгол морьдын уралдаанд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч үлдэх хэрэгтэй. Үүнийг хатуу сахиарай” гэсэн байна.
Наадмын комисс долоодугаар сарын 6-ны өдөр баяр наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцах юм байна.