“Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанар” сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан 10 дугаар сургалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг Эмгэг судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэг, БНСУ-ын Цитопатологийн нийгэмлэг, БНСУ-ын эмгэг судлаачдын нийгэмлэг зэрэг байгууллагууд 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.
Энэ жил хамтарсан сургалтын 10 жилийн ой тохиож, БНСУ-аас 14 хүний бүрэлдэхүүнтэй профессорын өргөтгөсөн баг ирж оролцлоо.
Дэд сайд Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийн олон жилийн хамтын ажиллагааг өндөрөөр үнэлж, ялангуяа оюуны хөрөнгө оруулалт оруулж байгаа БНСУ-ын баг хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү сургалтад БНСУ-ын профессорууд “Мэс заслын эмгэг судлалын лабораторийн гадаад болон дотоод чанарын хяналт”, “Цитопаталогийн чанарын хяналт” сэдвээр хичээл зааж, ярилцлага өрнүүллээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.