Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ


7 жил

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.06.29) хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо энэ оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэх чиглэл өгч, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. 

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын даргын захирамжаар эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. Мөн тус Байнгын хорооноос байгуулсан Ажлын дэд хэсэг энэ хугацаанд 10 гаруй удаа хуралдаж, хуулийн нэгтгэсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ажлын хэсэг өчигдрийн хуралдаанаараа хуулийн нэгтгэсэн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн Байнгын хорооны хуралдаанд оруулж байгааг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гишүүдэд танилцуулсан юм.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь тогтвортой, ил тод төрийн албаны эрх зүйн үндсийг тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тодорхойлох, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Энэ хуулиар төрийн албаны эрхэм зорилго, зарчим, үйлчилгээний стандарт, төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, нийтлэг эрх, үүрэг, хориглох зүйл, төрийн албаны төв байгууллагын эрх зүйн байдал болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтов. Харин төслийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт тусгаснаар энэ хууль нь төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхэд үйлчлэхгүй юм.

Төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсгээс гаргасан Төрийн удирдлагын академийг Засгийн газрын харьяаны төрийн албаны сургалтын байгууллага болгож өөрчлөх, сургалтын агуулга, хөтөлбөрийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тодорхойлох, төрийн захиргааны албан тушаалд иргэнийг томилохдоо энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилох, төрийн албан тушаалд ажилласан туршилтын хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох, төрийн албаны мэргэшлийн шалгалт нь ерөнхий шалгалт, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ гэсэн төрөлтэй, тест, ярилцлага болон бусад хэлбэртэй байх, шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа зохин байгуулах, төрийн албаны нөөцөд байх хугацаа 3 жил байх саналууд дэмжигдлээ.

Мөн төслийн 46.2 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, төслийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Харин орон тооны гишүүнд нэр дэвших төрийн албан хаагчийн төлөөллийг шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо баталж байхаар зохицуулах нь зүйтэй гэж тогтов.

Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, харин энэ хуульд заасан нэмэгдэл хөлс, төрийн үйлчилгээний албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг дэмжив.

Дараа нь Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм. Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү