Энэ сарын 26-ны өдөр зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 0-10 хүртэлх насны 5 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.
2017 оны 06 дугаар сарын 26-ны бүх нийтийн амралтын өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 267 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 191 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4, автомашинтай мөргөлдсөн 4, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 21 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Тухайлбал:
1. 2017.06.26-ны өдөр Морингийн давааны хойд замд T.Сresta маркийн автомашин T.Carina маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 67 настай С, 65 настай Д, 1,10 сартай Т, 1,9 сартай Э нарын 2 том хүн, 2 хүүхэд гэмтсэн.
2. 52-ын давааны урд замд T.Pruis маркийн автомашин T.Vitz маркийн автомашинтай мөргөлдөж 23 настай А, 36 настай Э, 6 настай Э, 10 настай Н нарын 4 том хүн, 2 хүүхэд гэмтсэн хэргүүдийг ЗЦА шалгаж байна.
Ойрын өдрүүдэд цаг агаар хэт халж байгаатай холбоотойгоор иргэд найз нөхөд, гэр бүлээрээ нийслэл хотоос гарч гол, ус, хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Энэ үедээ жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, зайлшгүй зогсолтын үед авах арга хэмжээг бүрэн аваагүйн улмаас мөргөлдөх, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Мөн бага насны хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд талын суудалд, өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй, цонхоор гар, толгойг нь гаргаж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн ослын үед хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч байна.
Эцэг, эх, эмээ өвөө, ах эгч та бүхэн бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэн, зөв тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.