ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургаадугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр”-ийн дагуу тус улсаас малын шүлхий өвчний эсрэг 4.1 сая тун вакциныг Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын II хагаст багтаан нийлүүлэх шийдвэрийг Оросын тал гаргалаа.
Түүнчлэн, форумын хүрээнд зохиогдсон хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтын үеэр тохиролцсоны дагуу Монгол Улсад ОХУ-аас хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх шийдвэрийг оросын тал мөн гаргаж, холбогдох ажлыг 2017 оны 7 дугаар сард багтаан гүйцэтгэх болсон байна. Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах уг шийдвэрийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал О.В.Гаршина 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус Элчин сайдын яамны байранд хүрэлцэн ирж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад гардуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үр дүн ийнхүү гарч эхэлсэн нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, цаашдын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.