Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар Эрүүл мэндийн газартай хамтран жил бүр урин дулаан цагт хүүхдийн сувилалыг нэг сарын хугацаатай ажиллуулдаг уламжлалтай.
2017 оны зуны чийрэгжүүлэлтийн сувилал энэ сарын 12-ноос эхэлсэн байна. 18, 6 дугаар цэцэрлэгүүдийг түшиглэн шинэ, хуучин Дарханд энэхүү сувилалыг явуулж байна. Нэг ээлжиндээ 0-5 насны 20 хүүхдийг хамруулдаг аж.
Сульдаа, рахит, цус багадалт зэрэг суурь өвчнийг нар, агаар, элс, шар сүү, сүүн бариа, бүх биеийн бариа, хэсэгчилсэн иллэг, массажаар эмчилж цагаан идээгээр үйлчилж байна. Сувилалд ЭМГ-ын Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэцгээ, хүүхэд өсвөр үеийн кабинетын их эмч Мөнхзул болон сувилагч арга зүйч ажиллаж, хүүхдийг хүлээн авч анхны үзлэг, хэмжилт хийн жинг тодорхойлж, хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа, наршилт, гэдэсний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг эцэг, эхчүүдэд олгож байна.