Өсвөр насны хүүхдүүд буюу сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч, улмаар амиа алдсан хэрэг сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болжээ.
Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нийслэлд үйлдэгддэг байсан бол одоо хөдөө орон нутагт гарах болсон байна. Тодруулж хэлбэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадаа энэ сарын 10-11-нд шилжих шөнийн 05 цагийн орчим 16 настай "О” гэгч нь гэрийнхээ хашааны үүдэнд нас барсан байдалтай олдсон байна.
Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн ажлын хэсэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, хордлогод орсоны улмаас нас барсан байж болзошгүй гэж дүгнэжээ.
Үүний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Түнхэл тосгоны 14-16 насны "З”, "Х”, "Э”, "О” нар нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний шатагч хий /газ/ худалдан авч улмаар талийгаач "О” нь үнэртэж хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна.
Өсвөр насны хүүхдүүд мансуурах болсонд эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүйтэй холбоотой юм байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас дахин ийм төрлийн хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллахын тулд эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, худалдааны цэгүүд насанд хүрээгүй хүүхдэд газ худалдан борлуулахгүй байх, өсвөр насны хүүхдүүдийн дунд газ үнэрлэж мансуурсны хор уршгийг таниулах, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.