Олон орны жуулчид Улаанбаатар хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” ХХК-тай хамтран ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болоод байна.
Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах “Улаанбаатар хөтөч” ном гадаадад ЭСЯ болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдах юм. Өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ.
Тус хөтөч номыг Улаанбаатар хотын анхны үнэгүй тараагддаг “Нийслэл guide” хөтөч сэтгүүлийг эрхлэн гаргадаг “Нийслэл Масс Медиа” ХХК бүтээж, жуулчдад хүргэх юм.